Коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг вакцинаар дархлаажуулах үйл ажиллагааг зохион байгуулах тухай

2021-03-18 09:00:05

2021 оны 03 сарын 18-ны өдөр                                            Дугаар А/174                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Коронавируст халдвар (Ковид-19)-ын

эсрэг вакцинаар дархлаажуулах

үйл ажиллагааг зохион

байгуулах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Дархлаажуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.2.1, 11 дүгээр зүйлийн 11.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.7, 32.1.8, 32.1.9 дэх заалт, Улсын онцгой комиссын 2021 оны 08 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг вакцинаар нийслэлийн хүн амыг дархлаажуулах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

 

       2.Нийслэлийн 18-аас дээш насны нийт хүн амыг төлөвлөсөн хугацаанд вакцины нийлүүлэлттэй уялдуулан дархлаажуулалтад хамруулж, үйл ажиллагаанд шаардагдах зардлын тооцоог нэгтгэн танилцуулахыг Ажлын хэсэг (Р.Чингис)-т үүрэг болгосугай.

 

     3.Дархлаажуулалтын үйл ажиллагааны нөхцөл шаардлагад нийцсэн байр бэлтгэж, компьютер техник хэрэгслээр ханган, нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагч нар, зорилтот болон эрсдэлт бүлгийн иргэдийг хамруулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

       4.Иргэдийг дархлаажуулахад бүх талын дэмжлэг үзүүлж, шаардлагатай судалгаа, мэдээ тайланг шуурхай гаргаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (Т.Гантөмөр), нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Л.Эрдэнэчулуун), нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал), нийслэлийн Онцгой байдлын газар (А.Дашням), нийслэл дэх Улсын бүртгэлийн газар (Г.Анхныбаяр), нийслэлийн Мэдээлэл, технологийн газар (О.Чинзориг), нийслэлийн Статистикийн газар (Ц.Заяхүү)-т тус тус үүрэг болгосугай.

 

    5.Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын зөвлөмж, чиглэл холбогдох шийдвэрийн дагуу дархлаажуулалтын үйл ажиллагааг зохион байгуулж, хүний нөөц, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангаж ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар (Б.Бямбадорж)-т үүрэг болгосугай.

 

      6.Дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах зөвлөгөө, зөвлөмжийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд сурталчилж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс (Г.Хонгорзул)-т үүрэг болгосугай.

 

        7.Дархлаажуулалтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар ханган шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулж, явцын тайлан, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг Ажлын хэсэг (Р.Чингист)-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                                        Д.СУМЪЯАБАЗАР