Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай

2013-08-19 00:00:00
2013 оны 08 сарын 19 өдөр                                                дугаар А/782                                                    Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүнд удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4“б”, 29.1.6“а”, “ж”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2 дахь хэсэг, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 6, 12 дугаар зүйлийн 2, 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.1.4 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 4/14 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2/08 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан авто зам, уулзваруудын засварын ажлыг дуусгаж, хөдөлгөөн нээх, автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор 2013 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийн өглөөний 07:00 цагаас 21:00 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлчийн оронгийн тэгш, сондгой тоогоор  / 8 дугаар сарын 24, 26, 28, 30-ны өдрүүдэд тэгш тоогоор төгссөн, 25, 27, 29, 31-ний өдрүүдэд сондгой тоогоор төгссөн/ тээврийн хэрэгслийг  хөдөлгөөнд оролцуулахыг  хязгаарлах гудамж, авто замын жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
 
2. Нийслэлийн авто зам засвар, хот тохижилтын ажлын авто машин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохиогоор  тоноглогдсон хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд дээрх  хязгаарлалт хамаарахгүй байхаар замын хөдөлгөөний аюулгүй байдал,  хөдөлгөөн зохицуулалтын ажлыг зохион байгуулан ажиллахыг нийслэлийн Замын цагдаагийн газар /Ч.Жаргалсайхан/, Замын хөдөлгөөний удирдлагын төв /Л.Батцоож/-д тус тус үүрэг болгосугай.
 
3. Улаанбаатар хотын Цахилгаан тээврийн /троллейбусны/ бүх чиглэлийн үйлчилгээг 08 дугаар сарын 24-31-ний өдрүүдэд зорчигчдод үнэ төлбөргүй үйлчлэхийг нийслэлийн Тээврийн газар /Ч.Энхбат/-т үүрэг болгосугай.
 
4. 2013 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрүүдэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах 150 ажилтныг явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулах, мэргэжлийн удирдлагаар хангахыг Нийслэлийн Замын цагдаагийн газар /Ч.Жаргалсайхан/-т үүрэг болгосугай. 
           
5. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үйл ажиллагаанд шаардагдах 142 161 674 /Нэг зуун дөчин хоёр сая нэг зуун жаран нэгэн мянга зургаан зуун далан дөрөв/ төгрөгийг баталж, Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлэхийг Засаг даргын тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
6. Ерөнхий боловсролын сургуулиудыг сурагчдын автобустай болгох арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2/08 дугаар тогтоолын биелэлтийг ханган ажиллахыг нийслэлийн Тээврийн газар /Ч.Энхбат/, нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/-т тус тус даалгасугай.
 
7. Хичээлийн шинэ жил эхлэхээс  өмнө дуусгах авто зам, барилгын засвар, өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
 
8. Авто зам, уулзваруудын засварын ажлыг түргэтгэж, авто замын зорчих хэсгийн бэлэн байдлыг хангаж 2013 оны 08 дугаар сарын 30-ны дотор зам, барилгын ажлыг дуусгахыг нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/, Гудамж төсөл /Б.Батболд/-д  тус тус үүрэг болгосугай.
 
9. Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/425, А/499 дүгээр захирамжуудын биелэлтийг хангаж 2013 оны 09 дүгээр сарын 15-ны дотор тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг жигдрүүлэн ажиллахыг нийслэлийн Авто замын газар   /Д.Нанзаддорж/-т даалгасугай.
 
10. Улаанбаатар хотын гудамж, замаар зорчиж буй улсын бүртгэлгүй, техникийн  хувьд бүрэн бус,  стандарт бус яндантай, зөвшөөрөгдөх хэмжээнээс  их утаатай,  илт өнгө, үзэмжгүй  тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг авч ажиллахыг нийслэлийн Замын цагдаагийн газар /Ч.Жаргалсайхан/, Замын хөдөлгөөний удирдлагын төв /Л.Батцоож/-д  тус тус даалгасугай.
 
11. Төвлөрсөн зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын ачааллыг бууруулах зорилгоор хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа, үйлчилгээг дүүрэг бүрт 2-оос доошгүй байрлалд төлөвлөн зохион байгуулж, ашиглалт үйлчилгээний зардлыг дүүргийн засаг даргын нөөц хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг дүүргүүдийн засаг дарга нарт даалгасугай.
 
12. Захирамжийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Н.Гантөмөр/-д, олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/-т тус тус үүрэг болгосугай.
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ