Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний стратегийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай

2013-08-13 00:00:00
2013 оны 08 сарын 13 өдөр                                                дугаар А/775                                               Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын ”а”, 29.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай   хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.8 дахь заалтыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. “Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний стратеги”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, эрт илрүүлэлт, эмчилгээ оношлогооны чадамжийг сайжруулах талаар  төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн  үр дүнтэй ажил  зохион байгуулах,  “Энэрэл” эмнэлгийн сүрьеэгийн тасгийн халдвар хамгааллыг сайжруулах, үргэлжлэх шатны эмчилгээний цэгийн тоог нэмэгдүүлэх, ажиллах эмч боловсон хүчнээр хангах  арга хэмжээ авч ажиллахыг  нийслэлийн Эрүүл мэндийн газар /С.Туул/-т үүрэг болгосугай.  
2. Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх талаар орон нутгийн түвшинд  үр дүнтэй ажил зохион байгуулсан  эмч, нийгмийн ажилтан нарын цалин  урамшууллыг нэмэгдүүлэх, тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх, сүрьеэтэй, эмзэг ядуу иргэдийг  нийгмийн халамж үйлчилгээнд хамруулах,  эмэнд дасалтай сүрьеэгийн  үргэлжлэх шатны эмчилгээ явуулах цэгийг иргэдэд ойртуулах, төсөв санхүүжилтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай;
 
 3.  Сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр 2013-2016 онд явуулах үйл ажиллагааны  төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх,  үзлэг шинжилгээ, эмчилгээнд шаардагдах  хөрөнгө санхүүжилтийг жил бүрийн   төсөвт  суулган ажиллахыг  Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан  орлогч  Ц.Энхцэнгэлд  даалгасугай.
 
4. Гэр оронгүй, тэнэмэл сүрьеэтэй өвчтөний үргэлжлэх шатны эмчилгээ явуулах, хооллох, нийгмийн үйлчилгээ үзүүлэх цэгийг гарган холбогдох байгууллагатай гэрээ байгуулан,  тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын  асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд үүрэг болгосугай.
 
5. Энэхүү захирамжийн хэрэгжилтийг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд хагас, бүтэн жилээр тайлагнаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд  даалгасугай.
 
   
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН  ЗАХИРАГЧ                                            Э.БАТ-ҮҮЛ