Амгалан дулааны станцын зориулалтаар газар эзэмших эрх олгох тухай

2013-07-23 00:00:00
2013 оны 07 сарын 23 өдөр                                       дугаар А/689                                                  Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, Засгийн газрын 2013 оны 35, 55 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ  нь:
 
1.Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Амгалан дулааны станцын зориулалтаар 0,87 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг Эрчим хүчний яам /М.Сономпил/-д олгосугай.
 
2.Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт  баригдах Амгалан дулааны станцын газрын трасст орсон иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшиж, өмчилж байгаа газрын нөхөн олговрыг тооцож барагдуулах, газар эзэмшигч, өмчлөгч нартай тохиролцоонд хүрч гэрээ байгуулах, улмаар  газрыг чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т, Амгалан дулааны станцын Ашиглалтын өмнөх захиргаа /Б.Баттөмөр/-д тус тус даалгасугай.
 
3.Дээрх барилга байгууламжийн архитектур төлөвлөлт, зургийн даалгавар, зураг төслийг батлаж, барилга угсралтын ажлыг эхлүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т үүрэг болгосугай.
 
4.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын явц, гүйцэтгэл, үр дүнгийн талаар сар бүр, Нийслэлийн засаг даргын дэргэдэх удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Нийслэлийн засаг даргын зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч
/Н.Гантөмөр/-д даалгасугай.            
          
 
 
 
                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                              БӨГӨӨД УЛААНБААТАР
                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                   Э.БАТ-ҮҮЛ