Арга хэмжээ зохион байгуулах тухай

2013-07-23 00:00:00
2013 оны 07 сарын 23 өдөр                                           дугаар А/688                                               Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.2 дахь заалтууд, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны 14 дүгээр тэмдэглэл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн  2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Байгаль орчин ногоон хөгжлийн Сайдын 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А-121 дугаар албан даалгаврын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрийн  ногоон байгууламжид ургаж буй навчит төрлийн модны болон хөл газрын ургамлын харшил, урвал үзүүлэх өвөрмөц идэвхитэй тоосжилт, үрлэлтийг хязгаарлах ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг нэгдүгээр хавсралтаар, ургамал ургалтын хугацаанд авах арга хэмжээний ажлын төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Ургамал ургалтын хугацаанд харшил, урвал үзүүлэх ургамлын үрлэлт, тоосжилтыг бууруулах талаар шаардлагатай ажлуудыг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн  Байгаль орчин, ногоон хөгжлийн газар /Г.Болормаа/, Нийслэлийн Эрүүл мэндийн газар /С.Туул/, үйл ажиллагаанд шаардлагатай 16.400.000 /арван зургаан сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангийн хөрөнгөөс санхүүжүүлэхийг  Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т тус тус даалгасугай.

3.Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын эзэмшлийн талбай дахь улиас модны болон хөл газрын ургамлын харшил, урвал үзүүлэх өвөрмөц идэвхитэй тоосжилт, үрлэлтийг хязгаарлах ажлыг зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4.Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж, ажлын үр дүнг цаашид авч хэрэгжүүлэх ажлын саналын хамтаар 2013 оны 09 дүгээр сарын 20-ны дотор Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч /Т.Бат-Эрдэнэ/-д даалгасугай.
 
 
 
 
                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                  БӨГӨӨД УЛААНБААТАР
                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ