Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах тухай

2013-06-25 00:00:00
2013 оны 06 сарын 25 өдөр                                          дугаар А/628                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл, 29.2 дахь хэсэг, 39 дүгээр зүйл, 39.1, 39.2 дахь хэсэг, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, 7.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:      
 
1. Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн статистик  тоон судалгааг үндэслэн дүүргийнхээ нутаг дэвсгэрийн  гэмт хэрэг, зөрчил үйлдэгддэг эмзэг цэг,  нийтийн эзэмшлийн гудамж талбай, орц, гудамжийг камержуулах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг дүүрэг бүрт байгуулах, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаархи нийгмийн ажилтны үүрэг”-ийг хэрэгжүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах, иргэдэд гэр бүлийн хүчирхийллийн  чиглэлээрх ойлголт, мэдлэг олгох сургалт, сурталчилгааны ажлыг тус тус зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
2. Хүүхдийг сэтгэл санааны болон бие махбодийн дарамтад байлгасан, хавчин шахаж хүч хэрэглэсэн, гэр бүлийн маргаантай айл өрхөд амьдарч байгаа хүүхдүүдийн эрхийг хамгаалж, буруутай этгээдэд хариуцлага тооцох, орцны жижүүр, хэсгийн ахлагч нарт гэр бүлийн хүчирхийллийн талаар ойлголт мэдлэг өгөх сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулж, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хамтарсан баг”-ийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг  сайжруулах, хөршийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлж ажиллахыг хороодын Засаг дарга нар үүрэг болгосугай.
3. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гэр бүлийн хүчирхийлэл, болзошгүй эрсдлээс өөрийгөө хамгаалах арга зүйд сургах, гэр бүлийн хүчирхийлэл, бусдын зүй бус үйлдлийн талаар багш, нийгмийн ажилтанд мэдээлэл хүргэх хичээлийн хөтөлбөр боловсруулан 2013-2014 оны хичээлийн шинэ жилээс хэрэгжлүүлж ажиллахыг нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/-т даалгасугай.
4. Яаралтай тусламжийн төв, нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасаг, өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа эмч, сувилагч нарт гэр бүлийн хүчирхийллийн талаар ойлголт мэдлэг өгөх сургалт зохион байгуулах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртсөн байж болзошгүй иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ холбогдох хуулийг тайлбарлан, зөвлөгөө өгч байх, сэжигтэй үйлдлийн талаар мэдээлэх тогтолцоог бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар /С.Туул/-т хариуцуулсугай.
5. Хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох хууль тогтоомжийг сурталчилсан нийтлэл, нэвтрүүлэг, шторк гаргаж нийтийн хүртээл болгох ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхийг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар /Я.Байгалмаа/-т даалгасугай.
6. Орцны жижүүрээр ажилд орж байгаа иргэдэд тавигдах нийтлэг шаардлага, Сууц өмчлөгчдийн холбоод оршин суугчдаас авч байгаа төлбөрийн тодорхой хувийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулдаг байх тухай журмыг боловсруулж мөрдүүлэх, орцны жижүүрийн байрыг амьдрах орчин бус ажлын байр болгох чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч /Ц.Буяндалай/-д үүрэг болгосугай.
7. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, дүнг 2013 оны 12 дугаар сарын   01-ний өдрийн дотор Засаг даргын удирдлагийн зөвлөлийн хуралд танилцуулахыг Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай.
 
 
 
 
                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                БӨГӨӨД УЛААНБААТАР
                                ХОТЫН ЗАХИРАГЧ                        Э.БАТ-ҮҮЛ