Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2019-06-05 08:35:14

2019 оны 06 сарын 05-ны өдөр                                         Дугаар А/563                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

хүчингүй болгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Чингэлтэй  дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хөрөнгийн бирж”-ийн урд талд байрлах 700 м² газрын “Улаанбаатар хотын банк” ХХК-д эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг зөрчсөн, мөн нийтээр ашиглах зам, талбай бүхий тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг “Улаанбаатар капитал ББСБ” ХХК-д шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 38 дугаар зүйлийн 38.2-т заасан журмыг зөрчсөн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

 

      2.Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу “Улаанбаатар капитал ББСБ” ХХК-д мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг цуцлах, газрын мэдээллийн сангийн бүртгэлд зохих өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

       3.Чингэлтэй  дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хөрөнгийн бирж”-ийн урд талд байрлах 700 м² газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж, нийтийн эдэлбэрийн талбайг тохижуулах, хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Чингэлтэй дүүргийн Засаг дарга /Ж.Эрдэнэбат/-д тус тус үүрэг болгосугай.

 

       4.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/464 дүгээр захирамжийн хавсралтын “21” дэх хэсэг,  Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 261 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                                С.АМАРСАЙХАН