Аян зохион байгуулах тухай

2019-05-30 09:35:01

2019 оны 05 сарын 30-ны өдөр                                       Дугаар А/537                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Аян зохион байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “а”, 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.5, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Засгийн газрын 2017 оны 11, 24 дүгээр тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/305 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Бэлгийн замаар дамжих халдварын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, идэвхтэй эрт илрүүлэг болон хавьтал илрүүлгийн ажлыг эрчимжүүлэх, халдварын тархалтыг бууруулах зорилгоор “Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх шинжилгээнд зорилтот бүлгийн иргэдийг бүрэн хамруулъя” аяныг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд зохион байгуулсугай.

 

      2.Аян зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр,  шаардагдах төсвийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

     3.Аян зохион байгуулахад шаардагдах 7.200.600 /долоон сая хоёр зуун мянга зургаан зуу/ сая төгрөгийг нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан “Нийслэлийн эрүүл мэнд дэд хөтөлбөрийн зардал”-аас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

      4.Аян зохион байгуулах удирдамжийг баталж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч /Ш.Анхмаа/-д, уг аяныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчилж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                      С.АМАРСАЙХАН