Цагийн хязгаар тогтоох тухай

2019-05-28 09:05:49

2019 оны 05 сарын 28-ны өдөр                                      Дугаар А/504                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Цагийн хязгаар тогтоох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “ж”, 29.2, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах  цагийн хязгаарыг хавсралт ёсоор баталсугай.

 

     2.Сар бүрийн 01-ний өдрийн 00:00 цагаас 02-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосугай.

 

     3.Тогтоосон цагийн хязгаарыг мөрдүүлж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Ядамдорж/, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

 

      4.Захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т тус тус даалгасугай.

 

     5.Энэхүү захирамжийг холбогдох хууль, журмын дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /А.Даваажаргал/-т даалгасугай.

 

       6.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2015 оны “Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг түр тогтоох тухай“ А/609, 2019 оны “Захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/398 дугаар захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН