“Талын салхи 2019” олон улсын мото наадам зохион байгуулах тухай

2019-05-27 09:00:06

2019 оны 05 сарын 27-ны өдөр                                        Дугаар А/501                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

“Талын салхи 2019” олон улсын мото

наадам зохион байгуулах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “а”, 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Аялал жуулчлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 1.4.1, 1.4.5, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын   2018 оны 19/16 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 1-51, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Олон улсад Улаанбаатар хотыг сурталчлах, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгож, тэдний сонирхлыг татах зорилгоор “Талын салхи-2019” олон улсын мото наадмыг Жанжин Д.Сүхбаатарын талбай болон “Цонжин Болдог” Чингис хааны хөшөөт цогцолборт 2019 оны 06 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулсугай.

 

      2.“Талын салхи 2019” олон улсын мото наадмыг зохион байгуулахад шаардагдах, энэ захирамжийн хавсралтаар баталсан 96 584 500 /ерэн зургаан сая таван зуун наян дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээний зардал”-аас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

      3.“Талын салхи 2019” олон улсын мото наадмыг өндөр хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар /Д.Батсүх/-т, тамирчдын эрүүл мэнд, хэв журам, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т, Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Ядамдорж/-т, Замын цагдаагийн албаны Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын хэлтэс /Б.Эрдэнэбат/-т, соёл, урлагийн тоглолт зохион байгуулахыг “Улаанбаатар чуулга” ОНӨҮГ /Р.Мөнхсайхан/-д, уг арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчилж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т болон Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарт тус тус даалгасугай.

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН