Авто зам, замын байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай

2019-05-20 09:05:11

2019 оны 05 сарын 20-ны өдөр                                           Дугаар А/474                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Авто зам, замын байгууламжийн барилгын

ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад

оруулах үйл ажиллагааг зохион байгуулах

талаар авах зарим арга хэмжээний тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.4 дэх заалт, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 49 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжих авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 49 дүгээр тушаалаар батлагдсан “Авто зам, замын байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах журам”-ын дагуу зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т үүрэг болгосугай.

 

       2.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Барилгын зөвшөөрөл олгох, барилга байгууламж ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулах талаар авах арга хэмжээний тухай” А/364 дүгээр захирамжийн 1-д “...улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн авто замын их засвар, шинэчлэлтийн ажлыг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т” гэснийг хүчингүйд тооцсугай.

 

     3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /Б.Отгонсүх/-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                    С.АМАРСАЙХАН