Дүүргийн Засаг даргын захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2012-12-17 00:00:00

Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, “Газрын тухай” хулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зйүлийн 61.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            Нэг. “Батцагаан-Өргөө” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн Шунхлай нефть баазын хойно, Төв цэвэрлэх байгууламжийн урд талд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт  дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн, тус компани нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 332 дугаар захирамжийн “Батцагаан өргөө” ХХК-нд холбогдох заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Хоёр. Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг цуцлан хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газрын алба /М.Батсайхан/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/, чөлөөлөгдсөн газруудыг хамгаалалтанд авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар   /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ