Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2012-12-17 00:00:00

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, “Газрын тухай” хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3.5, 3.6 дах заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            Нэг. “СН трейд” ХХК-ний Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Усан спорт сургалтын төвийн зүүн талд байрлах эзэмшил газрын эрхийн гэрчилгээг гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байхад  “СН трейд” ХХК-иас Худалдаа хөгжлийн банкинд, тус банкнаас “СН трейд” ХХК-д  удаа дараа шилжүүлж, хугацааг сунгаж холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тул нийслэлийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын     08-ны өдрийн 299 дугаар захирамжийн Худалдаа хөгжлийн банкинд, нийслэлийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 348 дугаар, 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 201 дүгээр захирамжийн “СН трейд” ХХК-д холбогдох заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хоёр. Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг цуцлан хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газрын алба /М.Батсайхан/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/, чөлөөлөгдсөн газруудыг хамгаалалтанд авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар  /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.

 

 

           

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ