Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2012-12-17 00:00:00

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3.5, 3.6 дах заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            Нэг “Кукахаузинг” ХХК-д Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 1 дүгээр Амаржих газрын зүүн хойд талд Сүхбаатар дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр Газрын тухай хуулийг зөрчин илт хууль бус захиргааны актаар нийтийн эдэлбэрийн газрын цэцэрлэг, зам талбайд газар эзэмшүүлсэн тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 204 тоот захирамжийн “Кукахаузинг” ХХК-д, уг газрын эрхийг “Ремиф” ХХК-д шилжүүлсэн  нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжийн “Ремиф”  ХХК-д холбогдох заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хоёр. Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг цуцлан хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газрын алба /М.Батсайхан/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/, чөлөөлөгдсөн газруудыг хамгаалалтанд авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар  /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.

 

           

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ