Эрх шилжүүлэх тухай

2012-10-03 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны “Нийслэлийн 2012 оны төсөв батлах тухай” 8/69 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжсэн Дарь-Эхийн амины орон сууцны хорооллын гадна цэвэр, бохир усны  шугамын нэмэлт ажилд шаардагдах 130,0 /нэг зуун гучин/ сая төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих гэр хороололд инженерийн шугам сүлжээ барих 3,0 /гурван/ тэрбум төгрөгийн хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т  зөвшөөрсүгэй.

   2. Дарь-Эхийн амины орон сууцны хорооллын гадна цэвэр, бохир усны  шугамын нэмэлт ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж,  ашиглалтанд оруулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад, цэвэр бохир усны шугам сүлжээний ашиглалтыг хариуцан хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахыг Ус сувгийн удирдах газар /С.Үнэн/-т даалгасугай.

   3.Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хавсралтаар баталсугай.

   4. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /С.Очирбат/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус  даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---