Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2012-10-01 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2  дахь хэсэг, Концессын тухай хуулийн 13 дугаар зүйлийн  13.10  дахь хэсэг, Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолоор батлагдсан “Концесс олгох уралдаант шалгаруулалтын журам”-ыг  тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ НЬ:

   1. “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт” дахь ажлуудыг хэрэгжүүлэх концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комиссуудын бүрэлдэхүүнийг хавсралтын дагуу өөрчлөн баталсугай.

   2. Концессын гэрээгээр хийгдэх төсөл арга хэмжээг Засаг даргын мөрийн хөтөлбөр, тухайн жилийн эдийн засаг нийгмийн зорилтод нийцүүлэн тусгахыг Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтэс /Г.Нандинжаргал/-т, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төсвийн төлөвлөгөөнд тусгаж байхыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, барилгын зураг төсөл боловсруулахыг нийслэлийн Зураг төслийн хүрээлэн /Г.Цахиур/-нд, зураг төслийн архитектур төлөвлөлтийн шийдлийг хянан баталж, зохих норм, стандартын дагуу хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Э.Хүрэлбаатар/-т, барилга барих газрыг шийдвэрлэхийг нийслэлийн Газрын алба /М.Батсайхан/-нд, барилгын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /С.Очирбат/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, бүртгэл болон концессын гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.

   3. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 134, 135, 136, 137, 139, 140, 141, 142 дугаар захирамжуудыг  тус тус хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---