Шугам сүлжээний худгийн ашиглалтыг сайжруулах тухай

2012-10-03 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2,  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Иргэдийн аюулгүй, тав тухтай ажиллаж, амьдрах орчин нөхцлийг хангах зорилгоор  дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай инженерийн шугам сүлжээний худаг, камерийн ашиглалтын байдалд инженерийн хангамжийн болон мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж,  болзошгүй эрсдэлийг агуулж буй зөрчил, дутагдлыг шуурхай таслан зогсоож, тоног төхөөрөмжийн ашиглалтын хэвийн найдвартай байдлыг эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаар тогтмол хангуулж ажиллахыг Дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

   2. Өөрийн эзэмшлийн худаг, камерийн  тагуудыг ижил стандарттай болгох, хулгайд алдахаас сэргийлж бэхлэх арга хэмжээг замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхгүйгээр шийдвэрлэх, инженерийн хангамжийн  хэрэглэгч байгууллага, иргэдийн худгийн бүрэн бүтэн байдлыг хангуулж,  хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэрэглэгчийг инженерийн хангамжаар хангахгүй байх хүртэл арга хэмжээг авах, шугам сүлжээний заагийг тодорхой болгох,  байгаль цаг уурын нөхцөлд тохирсон, оновчтой шийдэл бүхий худгийн тагны загвар бий болгох  санаачлага, оролдлогыг дэмжих замаар иргэдийн аюулгүй ажиллаж, амьдрах нөхцлийг хангаж  ажиллахыг  Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК /Д.Бямба-Очир/, Ус сувгийн удирдах газар /С.Үнэн/,  Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар /Ч.Бямбажав/, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК /С.Адьяасүрэн/, Усны барилга байгууламж НӨҮГ /С.Майнбаяр/-т тус тус даалгасугай.

   3. Нийслэлийн нутаг дэвсгэрт дулаан, усан хангамж, ариутгах татуурга, холбооны шугам сүлжээний худаг ашиглагч, эзэмшигч бүр өөрийн худгийнхаа ашиглалт, хамгаалалтыг сайжруулж, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулахгүй байх арга хэмжээг тогтмол авахыг нийслэлийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад  үүрэг болгосугай.

   4. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилгын инженерийн шугам сүлжээний худаг камерийн бүрэн бүтэн байдлыг хангуулж ажиллахыг Нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/-т үүрэг болгосугай.

   5. Худгийн таг, хүзүүвч хулгайлж байгаа явцыг таслан зогсоох зорилгоор хаягдал төмөр, ширэм, хоёрдогч түүхий эд авдаг цэгүүдэд үзлэг, шалгалтыг тогтмол явуулах, хулгайлагдсан таг худалдан авсан болон хулгай хийсэн этгээдэд хуулийн дагуу зохих хариуцлага тооцож ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Осор/-т тус тус даалгасугай.

   6. Орц хонгил, шугам сүлжээний худаг камерт хоноглож буй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, байраар хангах ажлыг олон улсын буяны байгууллага болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж ажиллахыг Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/, Нийслэлийн Хөдөлмөрийн газар /Г.Батсайхан/, Нийслэлийн Халамжийн үйлчилгээний газарт тус тус үүрэг болгосугай.

   7. Хариуцах эзэнгүй худаг, камерийн судалгааг  гаргах, эзэн хариуцагчийг нь тогтоох, улмаар  мэргэжлийн байгууллагад хариуцуулах, шилжүүлэх, ашиглалтгүй худаг, камерийг таглах, булах ажлыг зохион байгуулахыг Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Осор/, Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс /Л.Алтангэрэл/-т тус тус даалгасугай.

   8. Шугам сүлжээний ашиглалтын найдвартай ажиллагааг хангах талаар нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан ажил болон иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр өөрийн худгийнхаа ашиглалт, хамгаалалтыг сайжруулахад чиглэгдсэн сурталчилгаа, мэдээлэл хийхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн алба /Б.Түвшинтөгс/-нд үүрэг болгосугай.

   9. Энэ захирамжийн биелэлтэнд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулж  сар тутам танилцуулж байхыг Захирагчийн ажлын алба /Ч.Бат/-нд үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---