Зүүн аймгийн зарим сумдын нутаг дэвсгэрт Олон улсын хөл хориот мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч оношлогдон, халдварын тархалт нэмэгдэж байгаа учраас нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Онцгой комиссын даргын шийдвэрээр Багануур, Багахангай, Налайх, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн юм. Мөн Улаанбаатар хотод шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, Налайхын 4-р зөрлөг, Баянзүрх, Нисэх, Яармаг, Эмээлт, Баруун турууны товчоодын 9 цэгт 24 цагийн турш хяналт, шалгалт явуулж байна. Эдгээрээс Хэрлэн, Яармаг, 4-р зөрлөг, Тэрэлжийн постуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийг ажиллуулж байна.