Мал эмнэлгийн үйлчилгээ явуулах тухай

2011-03-25 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “а” 29.2 дахь хэсэг, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4.5, 5.1, 15.2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 62 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. Нийслэлийн мал, амьтанд 2011 онд хийх халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг нэгдүгээр, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг хоёрдугаар, паразиттах өвчнөөс эмчлэн сэргийлэх төлөвлөгөөг гуравдугаар, лабораторийн шинжилгээний төлөвлөгөөг дөрөвдүгээр, ариутгал халдваргүйжүүлэлтийн төлөвлөгөөг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр.Дүүргийн Засаг дарга нарт даалгах нь:

1. Дүүрэг, хороонд хийгдэх гоц халдварт, халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, тарилга, вакцинжуулалт, шинжилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн төлөвлөгөөт ажлыг орон нутагтаа зохион байгуулан хэрэгжүүлэх

2. Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчин гарах эрсдэл ихтэй байгааг харгалзан мал, амьтны шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулах, малын хашаа, байр болон мал аж ахуйн гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг газруудад мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэх ажлыг зохион байгуулах

Гурав. Нийслэл хотод мал, амьтныг гоц халдварт, халдварт паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, тандалт, шинжилгээ, оношлогоо, ариутгал халдваргүйжүүлэлт хийх арга хэмжээг цаг хугацаанд нь зохион байгуулж, шаардагдах биобэлдмэл, вакцин, эм урвалжийг хугацаанд нь хүргэх, мэргэжлийн удирдлагаар хангаж, ажлын явцад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мал эмнэлгийн газар /Д.Урансүрэн/-т даалгасугай.

Дөрөв. Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тандалт, шинжилгээ, оношлогоо, ариутгал халдваргүйтгэл хийх, бэлэн байдлыг хангахад шаардагдах зардлыг батлагдсан төсвөөс олгохыг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

Тав. Мал, амьтны гоц халдварт, халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, шинжилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн төлөвлөгөөт арга хэмжээний хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга /Ч.Бат/, Нийслэлийн Засаг даргын орлогч /Д.Ганболд/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/ нарт үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР