Гурвалжингийн гүүрээр дамжин өнгөрөх авто тээврийн хөдөлгөөнийг зохицуулах тухай

2010-02-08 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4.в, 29.2, Авто замын тухай хуулийн 6 .1.3, 6.1.5, 9.1 дэх хэсэг, Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2001 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 104 дүгээр тушаал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2008 оны 5 дугаар сарын 26–ны өдрийн 5-174/2812 тоот дүгнэлтийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

Нэг. Гурвалжингийн гүүрийн дам нуруунууд хотойж, деформацид орсноор даацын хязгаар алдагдаж гүүрийн баталгаат даацыг хангаж чадахгүй байгаа тул тус гүүрээр дамжин өнгөрөх авто тээврийн хэрэгсэл болон зорчигчид осол аюулгүй зорчих нөхцлийг хангах зорилгоор бүх жин нь 3.5 тонноос дээш жинтэй авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2010 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түр хугацаагаар хязгаарлах, гүүрийн их засварын ажлын хэвийн ажиллагааг хангах зорилгоор гүүрээр дамжин өнгөрөх бүх төрлийн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2010 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хориглосугай.

Хоёр. Гүүрээр дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулахтай холбогдуулж хөдөлгөөн зохион байгуулалтанд хяналт тавьж ажиллахыг Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/-т даалгасугай.

Гурав. Гурвалжингийн гүүрээр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах болон хориглохтой холбогдож зорчигч тээврийн үйлчилгээг иргэд, зорчигчдод хүндрэлгүйгээр зохион байгуулахыг Нийслэлийн Нийтийн Тээврийн газар /П.Наранцэцэг/-т үүрэг болгосугай.

Дөрөв. Гурвалжингийн гүүрээр дамжин өнгөрөх авто тээврийн хэрэгсэл болон зорчигчид осол аюулгүй зорчих нөхцлийг хангахтай холбогдуулан уг гүүрийн урд, хойд талын тээврийн хэрэгслийн зогсоолыг шилжүүлэн байршуулахыг Баянгол, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

Тав. Гурвалжингийн гүүрээр зорчих бүх жин нь 3.5 тонноос дээш жинтэй авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглохтой холбогдож хийгдэх замын тэмдэг, тэмдэглэгээ хийх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т даалгасугай.

Зургаа. Авто замын тэмдэг, тэмдэглэгээний ажилд шаардагдах хөрөнгийг Нийслэлийн 2010 оны замын сангийн тэмдэг тэмдэглэгээ хийхээр батлагдсан хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т үүрэг болгосугай.

Долоо. Гурвалжингийн гүүрийн их засварын ажлыг дээрх хугацаанд чанартай гүйцэтгүүлж дуусгах, хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүйн ажиллагааг хангуулж ажиллахыг Нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т үүрэг болгосугай.

Найм. Авто замын хөдөлгөөний зохион байгуулалтанд орсон өөрчлөлтийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-нд үүрэг болгосугай.

Ес. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбаатарт үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР