Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Галзуу хулгана” тоглоомын аюулгүй ажиллагаанд шалгалт хийжээ

2014-07-31 00:00:00
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Үндэсний соѐл амралтын хүрээлэн” ХХК-ийн “Дөрвөн цагирагт тойрог зам” /Аварга галзуу хулгана/ тоглоомын ашиглалт, аюулгүй ажиллагаанд хяналт  шалгалт хийжээ.

Тус тоглоомыг 2013 онд угсарч суурилуулсан бөгөөд  НЕТГ-ын 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2014/225 дугаар бүхий улсын комиссын актаар ашиглалтанд хүлээн авсан байна. Тоглоомын тоормос, аюулгүй ажиллагааны хэрэгслүүдийн ажиллагааг газар дээр нь шалгахад өгсөх замын тоормозны урд талынх нь үл буцаахын пүрш байхгүй, хойд талын үл буцаахын пүрш тасарсан нь тоног төхөөрөмжийн өдөр тутмын ашиглалтын зааврын дагуу үзлэг шалгалтыг хийж гүйцэтгээгүй, цуваа машины суудлыг бэхлэх буюу сөхөх хаах зориулалт бүхий хамгаалалтын тусгаарлагчийн бэхэлгээний боолтны хэсэг сэтэрсэн байжээ. 

Оператор болон үйлчилгээний ажилтан нь өдөр тутмын сургалтанд хамрагдсан, ажлын байрны үнэмлэхтэй боловч мэргэшүүлсэн үнэмлэхгүй, Оператор болон үйлчилгээний ажилтныг аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан ажлын байранд хувиарийн дагуу ажиллуулаагүйн улмаас анхаарал болгоомж, дотоодын сахилга дэг журмыг зөрчсөн зэрэг зөрчлүүд илэрсэн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.