Хотын дэд байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх төслийн нэгжийг байгууллаа

2014-07-23 00:00:00
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилт тавьсан.  Энэ хүрээнд нийслэл Азийн хөгжлийн банктай хамтран  “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих” хөтөлбөрийг боловсруулсан юм. Есөн жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжих энэхүү хөтөлбөрийн эхний үе шат нь  Улаанбаатар хотын хотын хойд хэсгийн гэр хорооллын гүнд байрлах Долоон буудал болон Баянхошуу орчмыг  "Сэлбэ",  "Баянхошуу" дэд төв болгон хөгжүүлж эдгээр дэд төвүүдэд 200 мянга орчим хүн оршин суухаар тооцож, нийгмийн үйлчилгээ, инженерийн байгууламжийг цогцоор нь шийдэж, эхний ээлжийг 2014-2016 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  Тус хөтөлбөрийг 2014 оны 5-р сарын 23-ны өдөр Монгол Улсын Их хурлаас соёрхон баталсан бол  Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 28-ны хуралдаанаар  “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн нэгдүгээр үе шатны төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслүүдийг зарчмын хувьд зөвшөөрч,   гарын үсэг зурсан юм. Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 26-нд болсон ээлжит хуралдаанаар уг төслийг хэрэгжүүлэх нэгжийг байгуулж, нийслэлийн Засаг даргын Захирамжаар нэгжийн бүтэц орон тоог баталлаа.  Төсөл хэрэгжүүлэх нэгж нь 11 хүний орон тоотой ажиллах бөгөөд нийслэлээс төсөл хэрэгжүүлэх нэгжид ажиллах хүсэлтэй иргэдийн дунд сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаад байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  
 
  Жич: Ажлын сонгон шалгаруулалтын зарыг http://ulaanbaatar.mn/files/p18t1mk7s1b5p124ipq6hl51d2p1.pdf-ээс дэлгэрэнгүй харж болно. 

“УЛААНБААТАР ХОТЫН ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ
НЭГЖИЙН ОРОН ТОО
 
 
Албан тушаал Тоо
1 Төслийн зохицуулагч 1
2 Төслийн менежер 1
3 Барилгын инженер /Архитектор 1
4 Нягтлан бодогч /Санхүүгийн мэргэжилтэн 1
5 Худалдан авалт /гэрээ эрх зүйн мэргэжилтэн        1
6 Орчуулагч/ Хэлмэрч 1
7 Ус хангамж ариутгах татуургын инженер (Зураг төсөл боловсруулах болон барилгын ажилд хяналт тавих) 1
8 Дулааны инженер (Зураг төсөл боловсруулах болон барилгын ажилд хяналт тавих) 1
9 Авто замын инженер (Зураг төсөл боловсруулах болон барилгын ажилд хяналт тавих) 1
10 Байгаль орчин/ Нийгмийн хамгааллын ажилтан 1
11 Цахилгааны  инженер (Зураг төсөл боловсруулах болон барилгын ажилд хяналт тавих) 1
  Нийт 11