Ц.Баатархүү: Бид нийслэлчүүдийнхээ мөрөөдлийг зурж чадсан

2012-11-19 00:00:00
Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл НИТХ-аар мөрийн хөтөлбөрөө батлуулахтай зэрэгцээд ирэх гуравдахь өдөр Орон нутгийн сонгууль болох гэж байна. Энэ үйл явдалтай холбогдуулан  Нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Ардчилсан намын дэд дарга, Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Баатархүүг “Ярилцах танхим”-даа урьж, ярилцлаа.  
 
-Залуу хүний тань хувьд хийгээд Улаанбаатар хотыг удирдаж буй багийн гишүүний тань хувиар юун түрүүнд “Улаанбаатар хот хаашаа явж байна вэ” гэдгийг ярилцлагын эхэнд тодруулья? 
 
-Хотын хөгжил хаа хүрээд зогсох вэ гэдгийг та бид хоёрын хэн, хэн нь өнөөдөр тооцоолох боломжгүй. Учир нь, энд хүн амьдарч байгаа л бол хот хөгжих л ёстой. Гэхдээ мэдээж тодорхой төлөвлөлт, удирдлага байх нь зүйн хэрэг.Бид өнгөрсөн арав орчим хоногийн хугацаанд “Миний мөрөөдөл” аяныг зарлалаа.
Яагаад энэ аяныг зарласан гэхээр иргэдийн дуу хоолой бидэнд хэрэгтэй байсан юм. Тэдний дуу хоолой бидэнд тодорхой зорилгыг бий болгох ёстой. Бид тэр зорилгыг нэгтгэснээр иргэдийнхээ төлөө, улаанбаатар¬чуудынхаа төлөө жин¬хэнэ утгаараа ажиллаж чадна. Түүнээс бус албан тасалгаанд суучихаад “Улаанбаатар хотыг хот шиг хот болгоно доо” гэсэн хуурай зорилтын хүрээнд ажиллаад явбал бид амжилт олохгүй. Наад зах нь, улаанбаатарчуудынхаа мөрөөдлийг сонссоноор бид бүхэн зураг зурж чадлаа. 
 
-Зургийн агуулга нь?
 
-Улаанбаатар хотын иргэн бүр утааг бууруулахыг хүсч байна. Утаагүй Улаанбаатарт айх аюулгүй, ажилдаа сэтгэл хангалуун, амьдралынхаа төлөө зүтгэхэд саад бартаагүй амьдрахыг хүсч байна. Мэдээж хүн бүрийн мөрөөдөл адилхан биш. Иргэн Цэцэг гэртээ харихдаа хүүхдүүдийнхээ өлсгөлөн нүднээс эмээдэггүй байхыг хүсч байхад иргэн Баатар хамгийн сүүлийн үеийн электрон бараагаар гэрээ иж бүрэн тоноглох хүсэлтэйгээ илэрхийлж байна. Гудамжинд ажил хийдэг өсвөр насныхан бусдынхаа нэгэн адил сургуульд сурч, боловсрол мэдлэгтэй болохыг хүсч байна. Хамгийн гол нь бид иргэдийнхээ дуу хоолойг чин сэтгэлээс нь олж сонсч чадлаа. Тэд сэтгэлээ уудалж, нээлттэй ярилаа. Иймд одоо бид хийх хэрэгтэй. Үүний төлөө нийслэлийн Ардчилсан нам Орон нутгийн сонгуульд “Мөрөөдлөө хамгаалья” уриатай оролцож байна. Гол нь энэ бол зөвхөн сонгуулийн шоу биш юм. Бид хийхийг, бүтээхийг зорьж байна. Хийсэн ажлын маань үр дүн эхнээсээ харагдаж байгаад баяртай байгаа. Ажил хийе гэвэл цаг хугацаа багаддаггүй юм байна гэдгийг бид өнгөрсөн гуравхан сарын дотор харуулж чадсан гэж бодож байна. 
 
-Тодорхой үр дүнг мэдээл¬лэх¬гүй юу?
 
-Бид ажлаа авсан даруйдаа Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахыг зорилгоо болгосон. Нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр зорчиж, цагийн болон дугаарын хязгаарлалт хийсэн. Эргээд энэ санаа¬чилгаа зогсоож, дугаарын хязгаарлалтыг цуцлах уу гэж иргэдээсээ асуухад “Үргэлжлүүлэх хэрэгтэй” гэдэг саналыг гаргасан. Энэ бол бидний ажлын үр дүн. Мөн зөвшөөрөлгүй барилгын асуудал байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хэн гэдэг дарга нь зөвшөөрөлгүй барилгыг нураах шийдвэр гаргаж чадсан юм бэ. Бид зөвшөөрөлгүй, чанаргүй барилгын ажлыг зогсоож, иргэдийнхээ аюулгүй амьдралын төлөө алдагдалтай ч гэсэн цэгцлэх ажлыг өрнүүлж байна. Өнөөдөр алдагдалтай гээд маргааш олон мянган хүнээ барилгын салбарын гэнэтийн осолд алдаад дуусмааргүй байна. Үүний төлөө хотын захиргаа зоригтой шийдвэр гаргасан. Дарамт шахалт, дайралт, хардлага ч их ирсэн. Гэхдээ энэ бүхнээс айгаад ажлынхаа үр дүнг хазаарлах эрх бидэнд байхгүй. 
 
-Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл мөрийн хөтөлбөрөө НИТХ-аар бат¬луулсан. Заавал Орон нутгийн сонгуулийн санал өгөх өдрийг ойртуулж, батлах хэрэг байсан уу. Яагаад гэхээр сөрөг хүчний зүгээс “Сонгуулийн шоуных нь нэг хэсэг байлаа” гэж шүүмжлээд байгаа дуулдсан?
 
-Мөрийн хөтөлбөр бодитой байх ёстой. Мөрийн хөтөлбөрийг сонгуулийн уриа, лоозон дээр шууд тулгуурлаж боловсруулах боломжгүй. Өнгөрсөн гурван сарын хугацаанд Э.Бат-Үүл даргын хувьд мөрийн хөтөлбөрөө боловсруулахад онцгой анхаарсан. Гэхдээ зөвхөн 2016 оныг харж, боловсруулаагүй. Японы Засгийн газрын дэмжлэгтэйгээр бүхэл бүтэн 2030 оныг харсан төлөвлөгөө гаргасан. Энэ хугацаанд Улаанбаатар хотод нийтдээ 9,8 тэрбум ам.долларыг дэд бүтэцэд зарцуулах тооцоо бий. Мөн 2040 онд Монгол Улсад олимп зохион байгуулах зорилго тавьсан. Энэ бол хий хоосон амлалт биш. Өнөөдрөөс эхлэн хийж, хэрэгжүүлэх дэд бүтэц болон нийгмийн салбарын бүтээн байгуулалтуудын үр дүн нь олимп зохион байгуулах шалгуурт нийцэх гол хөшүүрэг нь болж явах ёстой юм. 
 
-Гэр хорооллыг амины орон суу¬цаар хангах тухай НИТХ-ын сонгуулийн уриагаа хэрхэн тодор¬хойлсон бэ. Мөрийн хөтөлбөртөө?
 
-Энэ ажлыг хийхэд иргэдийн оролцоо хамгийн чухал. Иргэдийн санаачилга дээр тулгуурлан гэр хорооллыг амины орон сууцны хороолол болгох төлөвлөгөөг дүүрэг, хороо тус бүрээр, бүсчлэх маягаар зургаан жилийн дотор хэрэгжүүлнэ. Гэхдээ юун түрүүнд хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болох шаардлага бий. Наад зах нь хөрөнгө оруулалтын тодорхой хувийг нөхөн олгох дүрэм, журам боловсруулж, батлуулах хэрэгтэй. Ямар ч байсан мөрийн хөтөлбөрт хотын зүүн хэсэг буюу УС-15, баруун хэсэг Баянхошуу, хойд хэсэг Таван буудал орчимд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дулааны станцыг үе шаттайгаар барина. Мөн Шархад, Амгалан, Орбит, Толгойт, Хайлааст, Долоон буудал болон бусад гэр хорооллын бохир усны гол шугамыг барина.
 
-Энд нэг зүйл тодруулахад Чингэлтэй дүүргийн Засаг дар¬гын Тамгын газраас өнгөрсөн хугацаанд Хайлааст болон Дэнжийн мянга руу бохир, цэвэр усны шугам бариад эхэлчихсэн. Тэд үүнийгээ “Бидний хийгээд эхэлчихсэн ажлыг бид хийнэ гэж яриад байгаа юм” гэх маягаар тайлбарлаад байгаа?
 
-Тодорхой эхлүүлсэн ажил байгаа нь үнэн. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ Ардын намаас сонгогдож байсан нийслэлийн удирдлагууд 20 жилийн хугацаанд хийсэн. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд тэд дөнгөж Дэнжийн мянга хүртэл л бохирын шугам тавьсан. Хэрэв ажил хийж байгаа бол хурдтай байх ёстой. Зорилго нь тодорхой, бүтээмж нь бодитой, цаг хугацааны хувьд шуурхай байх хэрэгтэй.  Дэнжийн мянга руу бохирын шугам татсан байлаа гэхэд дахиад цэвэр усны шугам татахыг нь нийслэлчүүд 20 жил хүлээж болохгүй биз дээ. Эндээс эхлүүлэх, хийх хоёрын хооронд асар их зөрүү бий гэдэг нь харагдана байх. 
 
-Хотын залуусын хувьд орон сууцны асуудал яалт ч үгүй хамгийн том бэрхшээл болчихоод байгаа. Гэтэл Орон сууц санхүүжилтийн корпорациас барьсан барилга нь Нисэхийн наад талд тоггүй, усгүй, бохирын шугамгүй таг зогсчихоод байна. Төрийн бариулсан барилга нь ийм янзтай байхаар олон хүний орон сууцтай болох мөрөөдөл замхраад байх шиг санагддаг?
 
-Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөв¬лөгөөний дагуу орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдийг тодотгож ний¬тийн орон сууцны хөтөлбөрийг үргэлжлүүлэн  хэрэгжүүлнэ. Мөрийн хөтөлбөрт энэ талаар хүн амын 58 хувийг төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамж бүхий орон сууцаар, 20 хувийг бие даасан эх үүсвэрээр, үлдэх хэсгийг стандартад нийцсэн халаалтын шинэ технологи бүхий тохилог орон сууцаар хангана гэсэн заалт бий. Орон сууц санхүүжилтийн корпорацийн хувьд үнэхээр хариуцлагагүй ажил хийсэн нь үнэн. Одоо тэнд байгаа орон сууц дэд бүтэц татахаас нааш ашиглалтанд орохгүй нь ойлгомжтой. Энэ бол бас л төлөвлөлтгүй, зохион байгуулалтгүй ажиллаж ирсний илрэл. 
 
-Хотын дарга Баянхошуу, Чингэлтэйд “Ганнам хороолол болгоно” гэж яриад байгаа. Энэ хэр үндэслэлтэй хөтөлбөр вэ?
 
-Э.Бат-Үүл дарга Азийн хөгжлийн банкныхантай уулзах үеэрээ “Баян¬хошуу, Чингэлтэйд Ганн¬ам хороолол байгуулмаар байна” гэдэгтээ хүсэлтээ хэлсэн юм билээ. Азийн хөгжлийн банкныхан “Үнэхээр Ганнам хороолол бай¬гуулна гэвэл бид танайд өгч байгаа санхүүжилтээ нэмнэ” гэсэн. Тэгэхээр энэ хороолол бол хий хоосон сурталчилгаа биш юм. Түүнчлэн 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд Чингэлтэйгээс Нисэх, Офицеруудын ордноос Баянхошуу руу тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл явах замыг 2014 он гэхэд барьж дуусгахаар заасан. Мөн метро байгуулах судалгаа энэ гурван сар гэхэд бүрэн дуусна. Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд барих метроны замыг 2020 он гэхэд ашиглалтад оруулна. Жилдээ 2206 сая хүн, өдөртөө 640 орчим мянган хүн зорчих боломжтой болно. Метрогоо дагаад газар доорхи хотыг байгуулна. Зөвхөн энэ метрог дагаад 150 мянган ажлын байр бий болно. 
 
-Ярилцлагынхаа сэдвийг арай өөр тийш нь чиглүүлье. Ажиглаад байхад сүүлийн үед нийслэл маань хот гэж ойлгогдохоос илүү Э.Бат-Үүл гэсэн нэг логотой болчихлоо. Тэр хэрээр энэ хүнтэй хэн ажиллаж байна вэ гэдэг нь төдий л анзаарагдахгүй байна. Цорын ганц нэрийн хуудастай. Тэр нь Улсын баатар гэж бодохоор өөрөөс тань эхлээд “Та хэн юм бэ” гэдэг асуултад хариулах хэрэгтэй юм шиг бодол төрлөө?
 
-Хотын дарга маань улс төрийн арвин туршлагатай, өндөр мэдрэмжтэй хүн. Би өмнө нь сайн мэддэггүй байсан юм байна. УИХ-д олон жил суусан хүн гэдэг Монгол Улсын амьдрал ямар эрх зүйн зохицуулалтаар явдаг, хаана нь ямар шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг мэдэрсэн байдаг юм байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын тухайд ч адилхан. Ер нь хотын хоёр удирдлага маань ёстой арга билэг хосолсон гэдэг шиг л ойлгогдож байгаа. 
 
-Энэ дунд өөрийн тань орон зай. Нийгмийн бодлого хариуцсан орлогч гэдэг талаасаа?
 
-Ажил, үүргийнхээ чиглэлийг юун түрүүнд тайлбарлах хэрэгтэй болов уу. Товчхондоо хэлбэл, нийслэлийн удирдлагаас санаачлан  хэрэгжүүлж буй ажлыг салбарын яамдын төсөл, хөтөлбөртэй уялдуулах ажлыг зохион байгуулах үүрэгтэй.  Ямар ч зөв ажил эхлүүлсэн түүнийгээ нэг бодлогод зангидахгүй бол үр дүнгүй болж хувирдаг. Тиймээс миний ажил алба юун түрүүнд сайн холбогч байхыг шаарддаг гэж болно. Мөн нийгмийн салбарт хот ямар бодлого,  хөгжлийн ямар концепцитэй байвал зохих вэ гэдгийг шийдвэр гаргагчдад танилцуулах үүрэгтэй. Үүний тулд сайтар судалж, асуудлыг тал бүрээс нь харж, бодит үнэлт дүгнэлт хийсэн байх ёстой. Түүнчлэн энэ салбарт шинэчлэл хийх, шинэ стандарт бий болгох, дүрэм журам тогтоох, хамтран ажиллах олон зүйл байна. Тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн салбар бол хотын шинэ удирдлагын гол сорилт байх болно. Ирэх дөрвөн жилд сургуулийн автобустой болох уу, бага сургуулийг хороодод тусад  нь барьж байгуулахуу гэдэг сонголттой тулгарна. 
 
-Сургуулийн автобусыг хаанаас санхүүжүүлэх вэ?
 
-Хамгийн чухал нь хүүхдийн аюулгүй байдал. Бид замын түгжрэлийг бууруулах зорилгоор түгжрэл үүсгэж байгаа сургуулиудын жагсаалт гаргаж, захирлуудтай нь уулзаж сургуулийнхаа боломжоор шийдээч гэдэг яриа хийж, санал тавьсан. Одоо бид их холоос хүүхэд нь явж байгаа сурагчдад үйлчлэх автобусны асуудлыг шийдэх гэж байна. Цаашдаа сургуулиуд нэгдсэн автобустай болох эсэх нь ирэх онд шийдэгдэнэ.
 
-Цэцэрлэгийн тухайд шийдэл байна уу?
 
-Мэдээж жил болгон л цэцэрлэгийн асуудал босч ирдэг. Цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх хэд хэдэн зам байна. Улсын төсвийн хөрөн¬гө оруулалтаар, хувийн хэвшлийхний санаачилгаар, хүүхэд ха¬рах үйлчилгээгээр, гэр цэцэрлэг байгуу¬лах замаар, компаниуд ажилчдын хүүх¬дүүддээ зориулж цэцэрлэг бай-гуульж болно. Компаниудын ажилт¬нуудынхаа хүүхдэд зориулсан цэцэр¬лэгийг дэргэдээ барих санаачилгыг дэмжиж ажиллахаар болсон. Энэ нь эцэг, эх хүүхдийг ойрхон байлгах. Тэр хэрээр аюулгүй байх, цэцэрлэгийн хомсдлыг шийдэх гол гарц нь болж өгнө байх. 
 
-Ардчилсан нам түүхэндээ анх удаа нийслэлд төр барьж байна. Тэр хэрээр Ардын намыг 20 жил удирдахдаа нийслэлийг аюултай болгосон гэж та нар ярьж байна. Ардчилсан нам бол “Манай нам ялбал бүгд шилэн барилгад амьдарна” гэх хэмжээний л зүйл ярьж сонгогдсон шүү дээ?
 
-Бид шүүмжлэхийн тулд шүүмжлээгүй. Төрийн ажил өндөр хариуцлага, өргөн олон түмний итгэл дээр тогтох ёстой. 
Эрх мэдэлтний буруу шийдвэрээс болж эрдэнэт хүний амь нас хохирдог байж болохгүй шүү дээ. Бид хүндээ ойрхон хүүхдэд ээлтэй хот байх ёстой гэж үзэж байгаа. Олон жил төрд ажилласан гэдгээрээ далайлгадаг, хувьсгалын ажилд хувийн байгуул¬лага мэт ханддаг, эзэн нь мэт аашилдаг байж болохгүй. Хэт найзан дундаа орж, бие биедээ шаардлага тавьж чадахаа больсон,  төрийн ажлыг эрх ашгийн сүлжээ болгосон нөхдүүдтэй хариуцлага тооцох ёстой. Эрх мэдэлтэн дангаараа шийдэх бус иргэдээс асуусан, иргэдийнхээ санал санаачилгад тулгуурлах нь “шилэн байшингийн зарчим” юм. 
 
-Өөрийн тань талаар тодруулахад хэн ч биш хүмүүсийг орлогч болголоо. Ц.Баатархүү гэдэг хүн бас л гэнэтийн сонголт болсон гэх яриа гадуур дуулдаж байсан шүү?
 
-Улс төрийн намын чинь бүтэцтэй байгууллага. Би Ардчилсан залуу¬чуудын холбооны дэд ерөнхийлөгч. Энэ утгаараа “Монгол хүн 2020” үндэсний хэлэлцүүлэгт Монгол Улсынхаа 21 аймгаар тойрч, намынхаа үйл ажиллагааг дэмжиж ажилласан. Мөн нийслэлийн Ардчилсан намын дэд даргын сонгуультай. Нийс¬лэлийн Ардчилсан нам нэгэнт ялалт байгуулсан нь үнэн учраас энэ ялалтад хүрэхэд хамтарч ажиллаж, санаа бодлоо уралдуулж, бодлого боловсруулсан хүмүүс тодорхой ажил үүрэгт очиж, хариуцлагыг нэмэгдүүлж оногдуулах нь улс төрийн шийдвэр байдаг. Хэлсэн ярьснаа ажил хэрэг болго, хийж бүтээ гэж энэ албанд томилсон нь тодорхой. Ажил алба гэдэг чинь эрх ямба биш хариуцлага шүү дээ.
 
-Анх хэзээ Ардчилсан намд элсч байсан бэ?
 
-2005 онд
 
-Ямар зорилгоор?
 
-Чингэлтэй дүүргийн Ардчилсан намд элссэн. Би оюутан байхдаа их амбицтай, эрмэлзэлтэй, Оюутны холбооны удирдах ажилд оролцдог тийм оюутан байсан. Хүний явах ёстой зам, явах ёсгүй зам гэж байдаг байх гэж боддог. Би тэр үедээ байгалийн шинжлэх ухааны салбарт ажиллах хүн биш гэдгээ мэдсэн. Нийгэм, олон нийтийн салбарт ажиллах хүн юм байна гэдэг бодол төрдөг байсан. Тэгээд энэ чиглэлээр явбал амжилт гаргаж, хүнд хэрэгтэй юм хийчих юм болов уу гэдэг үүднээс Ардчилсан намд элсэн. 
 
-Ерөнхий сайдын Хэвлэл, мэдээл¬лийн албаны дарга болохоо¬соо өмнө үү?
 
-Элсээд нэг их удаагүй тийм санал хүлээж авсан. 
 
-Яагаад гэнэт намд элсээд удаагүй  өөрийг тань томилох болсон юм бол?
 
-Нийгэм бүхэлдээ улсаа хөгжүүлэх ухааны уралдаан зарласан үе байсан шүү дээ.  Хилийн чинадад суралцаж ирсэн хүмүүсээс “Мон¬голыг яаж хөгжүүлэх вэ” гэдэг асуултад хариулт авахыг чармайдаг тийм үе байлаа. Тэр үед хэдэн найзынхаа хамт “Монголын лектор төв”-ийг байгуулсан. Тухайн үед одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуай маань АНУ-гаас ирж таарсан. Үндсэндээ цаг хугацааны хувьслын тохироо лекц уншдаг, бусад нь сонсдог оюун санааны хэлэлцүүлгийн үе байсан. Тэр үед л “Монголын лектор” төвийг байгуулж, тэр шугамаараа Ц.Элбэгдорж гуайтай уулзсан. Энэ үеэр шинэ гарч ирж байгаа залууст хариуцлага ногдуулж, ажил хийлгэх хэрэгтэй гэдэг үүднээс намайг Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны даргаар томилсон шиг байгаа юм.
 
-Өөрийг тань цаг үргэлж аз ивээгээд байдаг хэрэг үү. Аль эсвэл хичээл зүтгэл тань хүмүүсийн нүдэнд анзаарагдахаар байгаад, тэрийг чинь хүмүүс олж хараад байдаг юм уу?
 
-Хувьсгалын тохироо бүрдсэн л байх даа. Ер нь зүтгээд байвал “аз ивээнэ” гэж би итгэж явдаг хүн. Хоёр хүн мэт зүтгээд, хорин хүн мэт сэтгэж, хагас хүн мэт унтвал аз хүнийг олж хардаг гэж итгэдэг. Аз сохор биш. Аз гэдэг том нүд байдаг байх гэж боддог. Тэгэхээр ямар нэгэн хүн амжилт гаргахын тулд аз гэхээс илүүтэй аз юм шиг юмыг олж авахын  төлөө тодорхой хэмжээгээр зүтгэсэн байдаг. Дэвжээн дээр хэзээ ч аварга төрдөггүй гэдэг дээ. Аварга болохын тулд өчнөөн цаг зарцуулсан байдаг гэсэн. Зөв зүгт, зөв хүмүүстэйгээ хамт зүтгээд байвал болно гэж хэлье. 
 
-Өнгөрсөн хугацаанд тэгэхээр буруу ажил хийгээгүй гэсэн үг үү?
 
-Бидний санаачилсан ажлууд буруу байгаагүй гэж хар¬даг. Эдийн засгийн хөгжлийн форум гээд л Засгийн газраас зохион бай¬гуулж байна. Бид нар “Монголын хөгжлийн шинэ гарц юу вэ” гээд зохион байгуулах гээд л оролдож байсан. “Гранд боок” гээд шилдэг ном шалгаруулах арга хэмжээ зохиож, түүгээрээ дамжуулан номын хэрэглээг нэмэх, уншигчдын хамгийн их эрэлттэй байгаа номыг зарлах ажил хийж байсан. Одоо “Ном” хөтөлбөр болон улсын хэмжээнйй далайцтай ажил болчихлоо шүү дээ. Ер нь бид нарын хийх гээд оролдоод байдаг байсан санаачилгуудыг өнөөдөр төрөөс хийгээд эхэллээ. Тэгэхээр буруу зүгт яваагүй юм байна, мэдлэгтэй чадалтай хүмүүсийн санаачилгатай ойролцоо зүгт л тэмүүлж явж байна гэж боддог. 
 
-Ардчилсан намын залуучууд цаг үргэлж л “Бидэнд боломж олгодоггүй” гэж гомдоллодог бай¬сан. Ардчилсан нам энэ удаагийн ялалтаараа та бүхний гомдлыг тодорхой хэмжээнд тайлж чадав уу. Таньдаг, мэддэг залуусын олонхи нь л том, том дарга болсон дуулдаад байгаа?
 
-Хүнийг заавал биологийн насаар нь төлөөлүүлнэ гэхээс илүүтэй бодлогын уралдаанд хэн дээгүүр байр эзлэх вэ гэдгээр нь албан тушаалд байршуулах хэрэгтэй гэсэн хувь хүний бодол бий. Хүчээр “Чи залуу хүн юм чинь” гээд залуусыг албан тушаалд тавиад байвал буруу. Зарим нэгнийг нь “Чи олон жил зүтгэсэн юм чинь” гэж урамшуулах нь ч буруу байх. Хариуцсан ажлаа хийж чадах уу, үгүй юу гэдэг шалгуур л үнэнд ойр. Харин Монголын залууст нас нь залуу ч, зөв бодлого дэвшүүлээд хийж хэрэгжүүлж чадах олон залуу байна. Эдний төлөөлөл л ажил албатай болсон байна л ээ. Цаг хугацааны үнэн шүүлтүүр хэн нэгний хэлсэн таамаглалаас илүү хэн нь хэн бэ гэдгийг харуулах биз ээ. 
 
-Улс төрд амжилттай явж байгаа залуусыг хараад байхад гэр бүлийнхээ амьдралыг, ажлаа, карьерийнхаа өсөлтийг бүгдийг нэг түвшинд авч яваад байгаа нь анзаарагддаг. Өөрөө ч тэдний нэг. Яаж энэ бүхнийг зэрэг авч яваад байна вэ гэдэг нь олон хүнд сонин санагддаг шиг байгаа юм. Тийм ч учраас “Эд нар ч айхтар залуучууд шүү” гэсэн яриа гарах нь бий?
 
-Өөрийнхөө амьдралыг болж байна уу, үгүй юу гэдгийг би дөрөвхөн зүйлээр л харж байгаа. Нэгд манай гэрийн уур амьсгал ямар байна. Өөрчлөлт гарч байна уу. Бидний харилцаа ямар байна. Хоёрдугаарт бид эрүүл байна уу. Эрүүл мэндийн ямар нэгэн хүндрэл гарав уу. Хэчнээн амжилттай ч гэсэн эрүүл мэндэд хохирол учруулж байгаа бол би тэр ажлыг хийх ёсгүй гэж боддог. Гуравдугаарт карьерийн хувьд, ажил мэргэжлийн хувьд өсөлттэй байна уу. Дөрөвдүгээрт эдийн засгийн чадамжийн хувьд өсөлттэй байна уу гэж. Нэг ёсны гэр бүл, эрүүл мэнд, карьер, эдийн засгийн өсөлт гэсэн энэ дөрвөн зүйлийн балансыг хэрхэн авч явахыг хувийн амьдралаа удирдаж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь харагддаг шиг байгаа юм. 
 
-Харин яаж чадаад байна?
 
-Үүнийг хүчээр зохион байгуулаад байгаа ч юм байхгүй л дээ. Мэдээж гэр бүлийнхээ хүнтэй энэ дөрвөн асуудлаар яах вэ, хүүхдүүдээ яах вэ гэдэг талаар ярилцдаг. Наад зах нь би хүүхдээ бусдын адил үнэтэй сургуульд орох ёстой гэж боддоггүй. Ганц зарчим бол хүүхэд гэрийнхээ ойролцоох сургуульд хамгийн аюулгүй орчинд суралцах ёстой л гэж боддог. Хүүхэд гэдэг гэр бүлийн толь шүү дээ. 
 
-Ирэх 2016 он гэхэд танай багийн бүтээсэн байх Улаанбаатарыг өнөөдөр зурвал?
 
-Юун түрүүнд төр бүх зүйлийг нуруундаа үүрэхийг оролддог, иргэд төрөөр бүх зүйлээ шийдүүлэх  гэдэг сэтгэлгээ өөрчлөгдөнө. Хотын эрхзүйн тогтолцоо шинэ шатанд гарч, хотын иргэдийн санаачилга, ажил үйлс хүнд сурталгүй бүтэх боломж нэмэгдсэн он жилүүд байна. Тэр хэрээр хүүхдэд ээлтэй, төр хувийн хэвшил ялгаагүй хүнээ бодсон үйлчилгээний шинэ стандарттай хот болох эхлэл суурийг тавина. Мөн Мэргэжлийн холбоод, иргэний дуу хоолой болсон төрийн бус байгууллагууд иргэний хяналт, мэргэжлийн хяналтын үүргийг хэрэгжүүлдэг болно. Хамгийн сүүлд хэлэхэд хот бол зохион байгуулалтын дээд эрэмбэ. Хотын амьдрал уугуул, суугуул хэн ч байсан хүн бүрийн хандлагаас шалтгаална. Иймд “Хотын удирдлага хотын төлөө юу хийх вэ” гэж хүлээхээс илүү “Би хотынхоо төлөө юу хийж чадах билээ” гэдэг эрэл хайгуулаас бүх зүйл эхлэх ёстой гэдгийг хэлмээр байна.
 
Эх сурвалж “Улс төрийн тойм” сонин
Г.ОТГОНЖАРГАЛ