Үйлдвэрлэл эрхлэгчдийн чуулга уулзалт зохион байгуулна

2009-05-19 00:00:00

Энэ оныг Монгол Улсын засгийн газраас “Үйлдвэржилтийг дэмжих жил” болгон зарласан. Энэхүү жилийн ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд үйлдвэрлэл эрхлэгчдийн чуулга уулзалтыг ирэх 6-р сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Чуулга уулзалтыг зохион байгуулах ажлын хэсэг өчигдөр хуралдаж нийслэлд анх удаа зохиогдож байгаа уулзалт зөвлөгөөнийг аль болох үр ашигтай, үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжсэн хэлбэрээр явуулах талаар хэлэлцсэн юм.

Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд ахалж байгаа төдийгүй ажил олгогч эздийн холбоо, хүнсчдийн холбоо зэрэг мэргэжлийн байгууллагын төлөөлөгч ч багтжээ. Он гарснаас хойш нийслэлийн есөн дүүрэгт үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн зохиогдсон бөгөөд тэдгээрт тэргүүлсэн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний дээжээс үзэсгэлэн гаргана. Энэхүү чуулга уулзалт нь МХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг олон улсын хаврын үзэсгэлэн яармагтай цаг хугацааны хувьд бараг давхцаж байгаагаараа онцлог юм.