Өнөөдөp сонин: Сэлбийн хөрсийг тэгшилж дуусчээ

2011-09-12 00:00:00

Р.Оюунцэцэг
Сэлбэ голыг сэргээх төсөл хэрэгжиж эхлээд сар орчим болж байна. Энэ хугацаанд хийсэн ажил болон төслийн явцын талаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын зөвлөх Н.Энхцогтоос тодрууллаа.
-“Сэлбэ” төслийн явц ямар байгаа талаар ярихгүй юу?
-Хотын даргын санаачилгаар хэрэгжүүлж буй “Сэлбэ” төсөл эхлээд 20 хонож байна. Төслийн зураг төсөл, тендер зэргээс хамаараад ерөнхийдөө орой эхэлсэн. 100 айлын гүүрээс Арслантай гүүр хүртэлх 1.3 км хэсгийн 350 метрийг нь энэ жил хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй байгаа. Ирэх жил 100 айлын гүүрийг засах тул тэр хэсгийн 20 метр газрыг мөн үлдээж байгаа. Үндсэндээ энэ жил 330 метрийг хийх бөгөөд энэ хооронд гурван халиагуур, усан оргилуурын ажил хийгдэнэ.

-Яг өнөөдрийн байдлаар ямар ажлуудыг хийж байна вэ?
-Одоогоор голын хоёр талын ханын бетоныг цутгаж эхлэх гээд арматуруудаа зангидчихаад байна. Хуучин хана нь муруй сарий учраас ханыг дунджаар 30-40 см, зарим газар нэг метр зузаан хана цутгана. Газраа тэгшилж дууссан. Голын урсгалыг боож, гольдролыг нь зүүн тийш шилжүүлэн, полимер материалтай зориулалтын хальсан дээгүүр 400 орчим метр газар урсгаж байгаа шүү дээ. Хуучин гол урсаж байсан хэсэг хөрсний ус ихтэй тул усыг нь шахуургаар соруулан гол руу нийлүүлж байгаа. Хөрсний усыг сайн соруулж, хуурай болгосны дараа голын ажил эхэлнэ.

-Голын доод хэсгийг хэрхэн шийдэхээр болсон бэ?
-Голын ёроолд ус нэвчүүлдэггүй зориулалтын хальс дэвсэж, 30 см зузаан хайргаар хучна гэж байгаа. Ер нь зураг төсөлд бага зэрэг өөрчлөлт орж байгаа. Төслийн ерөнхий гүйцэтгэгч “Норбу” компанийнхны авчирсан оросын таван мэргэжилтэн зөвлөхөөр аиллаад зогсохгүй төслийг монгол инженерүүдтэй хамтран удирдаж байгаа. Яаж хийвэл илүү бат бөх, олон жилийн настай болох вэ гэдэг дээр 40 жилийн туршлагатай орос мэргэжилтнүүд сайн зөвлөж байна. Яагаад Оросын мэргэжилтнүүдийг авчирсан гэхээр манай улс ийм усны байгууламж бие дааж хийсэн туршлага байхгүй. Мөн уур амьсгалын хувьд ч манай хоёр орон ойролцоо учраас Солонгос, Хятадын бус, Оросын мэргэжилтнүүдийг сонгосон.

-Өнөөдрөөс (өчигдрөөс) цаг агаар сэрүшүсэж байна. Энэ сарын дундаас цас орж, эрс хүйтрэх төлөвтэй байгаа. Тэгэхээр төслийн энэ жилийн ажил хэдий хүртэл үргэлжлэх вэ?
-Цаг агаарын байдлаас шалтгаалан хэзээ хүртэл ажиллахыг тодорхой хэлж мэдэхгүй байна. Арваннэгдүгээр сарын дунд хүртэл үргэлжлэх боломжтой гэж үзэж байгаа ч тодорхой хэлэх боломжгүй. Ямар ч байсан ажлаа нэлээн сайн явуулахыг бодож байна.