Өнөөдөр: Тусгай замын автобус Улаанбаатарын нийтийн тээвэрт хувьсгал хийнэ

2010-06-30 00:00:00

Р.Оюунцэцэг
Улаанбаатар хот нэг сая гаруй хүн амтай болсноор дэлхийн томоохон хотуудын эгнээнд нэгдсэн хэдий ч метрополис хотын жишигт хараахан хүрээгүй явна. Тэгвэл энэ жишигт хүрэхэд саад болж байсан нийтийн тээврийн бодлого тодорхой болж байна. Азийн хөгжлийн банкныхан Улаанбаатар хотын нийтийн тээвэрт тусгай замын үйлчилгээ нэвтрүүлэх төслийг хотын Мээрт өчигдөр танилцууллаа.
Улаанбаатар хотод тусгай замын автобусыг нэвтрүүлэх төслийг тус банкнаас бэлтгэжээ. Нийслэлд 2007 оны байдлаар 97 мянган хүн нийтийн тээврээр үйлчлүүлж байсныг Азийн хөгжлийн банкныхан судлан гаргасан байна. Тэгвэл замын хөдөлгөөний ачааллын ирээдүйн чигээр энэ тоо 2030 онд нэг сая орчим болж нэмэгдэх хандлагатай байгаа аж. Дэлхий нийтийн жишгээс харахад замаа өргөсгөснөөр бус, харин ч нийтийн тээврийн асуудлаа оновчтой болгосноор замын бөглөрөл, ачааллыг бууруулдаг байна. Азийн хөгжлийн банк энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд 10-аад жил зарцуулж, хөрөнгө оруулалтын судалгааг бэлтгэсний эцэст Улаанбаатар хотод тусгай замын автобус нь метро, хөнгөн төмөр замаас илүү тохиромжтой хэмээн үзжээ. Учир нь тусгай замын автобус хамгийн өртөг багатай бөгөөд богино хугацаанд нэвтрүүлэх боломжтой тээврийн хэрэгсэл аж. Тухайлбал, нэг километр метро барихад 45-100 сая доллар шаардагдаж, нэг шугам барихад доод тал нь 10 жил зарцуулдаг байна. Харин тусгай замын автобусны нэг шугамыг ердөө 1.8 жилийн дотор барьж байгуулах боломжтой юм байна. Метрогоор нэг удаа зорчиход 1580 төгрөг байх бол тусгай замын автобусанд одоогийн ханшаар буюу 300 төгрөгөөр зорчиж болно. Түүнчлэн дуу чимээ багатай, багтаамж сайтай байдгаараа давуу талтай юм байна. Өнөөдөр нийслэлд явж буй том оврын автобус дунджаар 19 км/ц хурдтай явдаг бол тусгай замын автобус 27-30 км/ц-ийн хурдтай явахаас гадна 13-45 мянган хүн тээвэрлэх хүчин чадалтай. Бас нэгэн давуу тал нь буудал дээр тавцантайгаа ижил түвшинд зорчигдыг буулгаж, суулгах бөгөөд гэрлэн дохиогоор давуу эрхтэйгээр замын хөдөлгөөнд оролцоно. Тусгай зам барих бүтээн байгуулалтыг дагаад замын хөдөлгөөний эрчим, явган зорчигчдын дэд бүтэц сайжрах юм. Тухайлбал, гол замуудаар энгийн автобус зорчихгүй. Энэ замын ажилтай хамтатган явган хүний зам, нүхэн болон гүүрэн гарц, гэрлэн дохиог сайжруулах бөгөөд Азийн хөгжлийн банк үүнд хөрөнгө оруулах ажээ.

Одоогоор Улаанбаатар хотод зүүнээс баруун, хойноос урагш, тойрог гэсэн чиглэлд тусгай замын автобусны 60 км зам барихаар төлөвлөжээ. Үүнд 210 сая доллар шаардлагатай. Азийн хөгжлийн банкнаас эхний ээлжинд 300 сая долларын хөрөнгө оруулалт хийх юм байна. Манай улс 2009 онд нийтийн тээврийн нөхөн олговорт найман сая доллар олгодог байсан бол 2012 онд 19 сая болж, эдийн засгийн шууд алдагдал 2030 онд 150 сая долларт хүрэх магадлалтайг тус банкныхан тооцоолжээ. Харин тусгай замын автобусны ашиглалтын зардал нь зорчигчдын төлбөрөөр бүрэн нөхөгдөх учраас ямар нэгэн нөхөн олговор шаардлагагүй болох юм байна. Түүнчлэн электрон картын системийг нэвтрүүлэх тул зорчигч бүр төлбөртэй үйлчлүүлнэ. Тусгай шугам тавих, зогсоол хийх, электрон картын системийг нэвтрүүлэх зэрэг хэрэгцээтэй зардал дээрх хөрөнгө оруулалтад багтжээ. Харин электрон карт бий болгоход шаардагдах хөрөнгийг буцалтгүй тусламжаар тус банкнаас гаргаж, тусгай зам ашиглалтад ороход ямар нэгэн саадгүй ажиллаж байхаар зохицуулах аж.
Энэхүү тусгай автобусны замыг Сан Пауло, Богота, Гуанжу, Истанбул зэрэг дэлхийн томоохон хотуудад ашигладаг байна. Тиймээс нийслэлчүүд бид микроавтобусаар айдас хүйдэстэй давхидаг цаг өнгөрч, дэлхийн хотуудын стандартад нийцсэн тохилог автобусаар зорчиж, нийтийн тээвэрт хувьсгал хийх сайхан цаг удахгүй ирэх нь ээ.