Olloo.mn: Хөлчүүрхснээ хөгжил гэж эндүүрмээргүй байна

2010-06-16 00:00:00

Саяхны нэг сонинд Улаанбаатар хотын залуусын соёлыг шөнийн цэнгээний газарт аяга тагш юм эргүүлснээр хэмждэг болсон шахуу юм бичжээ. Уншиж суухдаа эгдүү хүрч байлаа. Үгүй ер улаанбаатарчууд, тэр тусмаа залуус биднийг хөлчүүрхэж, мансуурсан орчинд согтуу хүмүүс харан заваарч суухыгаа хөгжил, дэвшил, соёл моёл гэж ойлгодог, тэр хэрээр улсын нийслэл хөгжиж байна хэмээн эндүүрч суудаг хэнэггүй гарууд гэж бодсон юм байх даа гэж.
Бас нэг өдөр тутмын том сонинд төрсөн өдрөөрөө бүжиглэж болох уу бид хэмээн шазруухан асуужээ. Нийтлэлийн утга мөнөөх л дээрх бичсэн хүнийхтэй төстэй юм. Хотын амьдрал цэцэглэлтийг шөнийн цэнгээний газраар хэмждэг хэмээн цэцэрхжээ.
Улаанбаатар хотод хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, амарч зугаалах газар ховорхон гэдэгтэй хэн хүнгүй л санаа л нийлдэг. Гэхдээ заавал хар бараанаар будах бус, гэгээлэг сайхнаар бид нийслэлээ харж яагаад болохгүй гэж. Би л лав хувьдаа шөнийн цэнгээний газарт сууж, утаа манан дунд мансуурснаа хотын амьдрал цэцэглэн хөгжиж байна гэж бодож чадахгүй. Ийм бодолтой иргэн энэ нийслэлд харин илүү их гэдэгт итгэж байна.

Хааяахан найз нөхөдтэйгээ сууж, амаа чилтэл чалчиж, инээж хөхөрч, ганц хоёр шар айраг шимэнгээ алжаалаа тайлахыг хүсдэггүй, ингэж суудаггүй хүн ч гэж байхгүй биз. Би ч, найзууд маань ч буцахгүй. Тэгэхдээ л шөнө дөл хүртэл ууж наргиж, алингаа алдан согтож, хөлчүүрхдэггүй шүү дээ.
Бүжиглэх сайхаан. Хөлсөө гартал бүжиглэчихээр нэг хэсэгтээ л сэтгэл санаа сайхан болж, биеийн чилээ гардаг нь бас л үнэн. Гэхдээ мансуурчихаад, согтчихоод хөлсөө гартал бүжиглэж, кайф авдаг гэвэл мөн л эндүүрэл. Хөлөө хаана гишгэж байгааг мэдэхгүй шахам согтсон хүн тэгтлээ сайхан бүжиглэнэ гэдэг юу л бол. Аягүй бол хажуудаа зогсоо нэгнийхээ хөл гар дээр гишгэж, адилхан хөлчүү хүмүүс нударга зангидаж, бөөн хэрэг мандана. Маргааш нь эрүүлжүүлэх, эсвэл энд тэндээ хөх хавдартэй нэг хэсэгтээ л туух вий. Бие захирч дийлэхээргүй болсон нэг нь гэмт хэрэг үйлдэж, торны цаана сууж ч болох. Үгүй дээ л согтуудаа машин тэргээ унан осол аваар гаргахгүй гэх баталгаагүй шүү дээ.

Гэтэл Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, архидалттай тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай захирамж гартал эсэргүүцэгчиж, их хурлын гишүүдтэйгээ нийлээд л. Тэд нар нь хошуу цорвойн “Би пиво уумаар байна. Хөл бөмбөг үзмээр байна” гэж эрхэлцгээгээд л. Дэлхийн аваргын хөл бөмбөгийн торгон агшин хэл ам нь тультчсан, хөлчүү гарууд яаж үзэх гэж байгаа юм бол оо. Архи уусан хүн угаасаа олон таван үгтэй болж, хэл ам олширдог нь харин үнэн. Тэр тусмаа монголчууд сайрхах дуртай юм чинь нэгнээсээ илүү гарах гэж хэл амаа билүүдсээр байгаад өнөөх торгон ашгин, гоол оруулсан чухал мөчийг харж амжилгүй хоцорч, шалархсандаа цөс нь хөөрч зодоон нүдээндээ тулбал яана. Энэ бүхнийг цэгцлэх, харин ч эрүүл саруулаар хөгжилдөх, бүжиглэх, тухлах боломж бололцоог нь бүрдүүлж өгөх санаатай гаргасан энэ журам үнэндээ улаанбаатарчуудад таалагдаж байна. Хажууханд нь архи зарж, шөнөжингөө согтуучуудын дууг сонсож залхсан оршин суугчдын чих амарч байгаа гэхэд мөрийцөхөд ч бэлэн байна.

Таалагдаагүй байсан бол өдийд гудамжиндаа гараад зогсчихсон бид архидмаар байна хэмээн жагсаж байх байлгүй. Тэгэхгүй л байгаа биз дээ. Харин ч яасан сайн юм, шөнө оройн цагаан согтуу хөлүү хүмүүсийн хашгирах, орилолдох, охид бүсгүйчүүдийн айдас арилж, амар жимэр болж байна гэж магтах хүн олон байна цаана чинь.
Зөвхөн Нийслэлийн Баянгол дүүрэгт гуравхан сарын статистикаар арав гаруй танхай, мөн тийм орчим хулгай, иргэний эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг гарсан тайлан байна. Баянзүрх дүүрэгт архи хэтрүүлэн хэрэглэснээс болж танхайрсан хэрэг дээрхээс дутахгүй их гарчээ. Хоёрхон дүүргийн л мэдээ. Дэндүү эмгэнэлтэй биш байна гэж үү. Зөвхөн архинаас бол хэчнээн ч аавын хүү торны цаана сууж, амьдралдаа хар толбо үлдээн шаналж суугаа юм бэ бүү мэд.

Шилтэй архиндаа дийлдэх шахан газар мөлхөн, босч зогсож чадалгүй дахин бүдчин, амандаа ямар нэгэн хараал хэлэн донхолзох гундуу царайтай барзгар нөхөр Улаанбаатарт ер нь хэд байдаг бол. Өвгөнтийнхөн хэмээх гадуурхагдсан нэртэй, зүс гундуу эдгээр нөхөд цөөрөх нь бүү хэл улам өргөжсөөр байхад Улаанбаатар хотыг архидалтгүй, ариухан нийслэл гэх нь хаашаа юм.
Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдэг. Хаа байгаа газраа хар мөр, хагацал зовлон, өнчрөл, гашуудал дагуулж байдаг хараал шингэсэн гэмээр хар архинаас болж хорвоог орхисон нэгэн, амьд мөртлөө амьгүй мэт болсон архичидтай нийслэлийнхэн бүр дасал болчихож.

Байдал дэндүү уйтай, архитай холбоотой хар бараан мэдээ тоймгүй их байхад архидалттай тэмцэхээр гаргасан шийдвэрийг буруу хэмээн бичиж чадаж байгаа хүмүүст уур ч хүрэх шиг. Арайч дээ Монголын, тэр тусмаа нийслэлийнхээ ирээдүйг хэдхээн баар цэнгээний газраар төсөөлж байгаа нь дэндүү арчаагүй юм биш үү. Тэрний оронд болж байгаа бүтэж байгааг нь нэг ч удаа болов магтаж болно шүү дээ.
Тэгвэл эрх ньзөрчигдлөө, хүмүүсийн амьжиргаанаас салгалаа хэмээн дээрдоргүй гүйж, элдэв шалтаг тоочиж байгаа тэр эрхтэн дархтангууд үйл 00,00 цагаас хойш архи заралгүй үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрх нь нээлттэй л юм билээ. Ингэж байхынхаа оронд хэд хэдэн том дэлгэц тавьчихаад хүүхэд залууст хөл бөмбөг үзэх боломжийг хангаж, хүйтэн ундаа, коктейлиэр дайлж болно шүү дээ. Өнөөдрийг хүртэл 00,00 цагаас хойш архи заруулахгүй байна, нийслэлчүүд ууж, идэх согтох эрхтэй хэмээн бичсэн хүмүүс шөнийн цэнгээний газруудаад яваад үз л дээ. Тэгж л их залуусыг хөлбөмбөг кайфтай үзүүлэх сонирхолтой юм бол зааландаа телевиз тавьчихаад манайд ирж цагаа гоё өнгөрөө гэж рекламдаж, урьж суугаа газар хэд байгааг тоолоод үз.