Хүүхдийн парк хойтон хавар л ажиллана

2009-08-04 00:00:00

Үндэсний соёл амралтын хүрээлэн удахгүй ашиглалтад орно гэсээр нэлээд хэдэн сарыг үдлээ. Шинэхэн тоглоомтой, сайхан орчинтой мөрөөдлийн паркаа хүүхэд залуучууд хоног тоолон хүлээж суугаа. Гэвч Үндэсний соёл амралтын хүрээлэнгийнхэн долдугаар сард, наймдугаар сард ашиглалтад орно гэж хуурсаар өдийг хүрсэн. Хэзээ ашиглалтад орох нь мэдэгдэхгүй, хүүхдүүдийг хуурсаар яваа хүүхдийн парк энэ жил ашиглалтад орох болов уу.

Энэ талаар Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Ерөнхий инженер А.Болдоос тодруулсан юм.
-Үндэсний соёл амралтын хүрээлэн хэзээ ашиглалтад орох вэ?
-Тодорхой хэлж мэдэхгүй байна. Уг нь энэ сард зарим хэсгийг нь ашиглалтад оруулна
гэж төлөвлөж байсан ч амжихгүй юм шиг байна.
-Тэгэхээр хэдэн сард ашиглалтад орно гэсэн үг вэ?
-Ес юм уу аравдугаар сард чадвал ашиглалтад оруулна.
-Аравдугаар сард гэхээр сэрүүсчихнэ шүү дээ. Хүүхдүүд тухтай тоглож ч чадахгуй?
-Уг нь жаахан наана ашиглалтад оруулчихье гэж бодсон чинь тодорхой шалтгааны улмаас төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулж чадахгүй байна.
-Тухайлбал ямар шалтгааны улмаас ашиглалтад орох хугацаа хойшлогдоод байна вэ?
-Янз янзын шалтгаан байна шүү дээ. Хамгийн наад зах нь гэхэд л ойрын өдрүүдэд бороо их орсон болохоор тулгуур сууриа сутгаж чадахгүй хугацаа алдаж байна. Өмнө нь бас тоглоом нь ирэхгүй нэлээн удсан. Тоглоомоо харж, хэмжиж байж сууриа цутгадаг болохоор энэ мэт шалтгаанаас болоод ажил хойшлогдсон тал бий.
-Тэгэхээр энэ жил Үндэсний соёл амралтын хүрээлэн ажиллахгүй гэсэн үг үү?
-Ер нь тэгж ойлгож болно. Ес аравдугаар сард ашиглалтад орлоо гэхэд хэд хоног ажиллаад л амарчих болохоор бараг ажиллахгүй байх. Тийм болохоор хойтон хавар л жинхэнэ ёсоор ажиллана.
-Тоглоом нэмэгдсэн үү?
-Нэмэгдээгүй. 14 тоглоомтой байгаа