Eрөнхийлөгч нөхцөл байдалтай танилцлаа

2009-07-23 00:00:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж долдугаар сарын 21-нд орсон хүчтэй аадар борооны дараа Нийслэлийн засаг даргын тамгын газарт өглөөний 01цаг 20 минутын үед очиж үерийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр орсон бороо, үер усны гамшгийг арилгаж амжаагүй, нөхөн сэргээлт хийгдэж дуусаагүй байхад ийнхүү дахин хүчтэй аадар бороо орж, олон иргэдийн аж амьдралд хүнд гарз учирлаа.

Сонгинохайрхан болон Хан-Уул дүүргүүдэд олон иргэн орон гэргүй болж, нүүлгэн шилжүүлэх ажлыг яаралтай хийж эхэлсэн тухай мэдээллийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр танилцууллаа. Үер буусан газруудад батлан хамгаалах салбарыхнаар хүч нэмэгдүүлэн үерийн далан босгох ажлыг яаралтай эхлүүлжээ. 23 цагийн борооноос өмнө амжиж үерийн далан дээр буусан айлуудын иргэдийг ойролцоох сургууль цэцэрлэг рүү оруулж эхэлсэн байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдээллийг сонссоны дараа зарим үүргийг өглөө. Юуны өмнө энэ сарын 25-ныг хүртэл шуурхай ажиллаж, үерийн далангуудыг барьж, аюултай газар буусан айлуудыг яаралтай нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө гаргаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болголоо.

Улаанбаатар хотын төлөвлөлт алдагдаж, хот хүнээ багтаахаа байсан нь олон зүйл дээр харагдаж байгаа. Ялангуяа хөдөө орон нутгаас нүүж ирсэн айлууд үерийн далангийн аман дээр гэрээ барьж, бүхэл бүтэн хороолол үүсгэж, аж ахуйн нэгжүүд байшин барилгуудаа барихдаа даланг сэтэлж, бохирын болон дулааны шугамыг стандартын бусаар барьж ирснийг одоо болиулах цаг нь болсон тухай Ерөнхийлөгч онцлон анхаарууллаа. Тиймээс энэ асуудлыг цаг алдалгүй засч залруулан, төлөвлөгөө гаргаж ажиллах хэрэгтэй гэлээ.