Нийслэлчүүдэд үгүйлэгдсэн соёлын довтолгоо

2009-07-09 00:00:00

НИТХ-ын төлөөлөгчид хотын харьяа газруудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан болон ололт амжилтыг нь сонсч байгаа билээ. Тэд өчигдөр Улаанбаатар хотын түүх шинэчлэн байгуулалтын музей, Соёл урлагийн газрын ажилтай танилцлаа. Улаанбаатар хотын Түүх шинэчлэн байгуулалтын музей нь музейн хэмжээнд үйл ажиллагаа явуулж чадахгүй байна.

Учир нь хөрөнгө санхүү, менежментийн алдаатай бодлого нөлөөлсөн аж. Наад зах нь музейд хангалттай өрөө тасалгаа гэж алга. Дээр нь боловсон хүчний бодлого ч тус байгууллагад ихэд үгүйлэгддэг байна. Монгол улсын нийслэл энэ жил 370 нас хүрлээ. Улаанбаатарын түүх соёлыг хадгалж, хойч үед нь өвлүүлэх, түүнийг таниулах үйлсэд хотын түүхийн музейн хувь нэмэр их байх хэрэгтэй. Одоо байрлаж байгаа байр нь зуу гаруй жилийн настай, нийслэлийн түүхэн дурсгалт байшин гэдгээрээ үнэ цэнэтэй нь мэдээж. Гэтэл музейн ойр орчимд нь газар олголт хийгдсэн нь музейнхны санааг ихэд зовоох болжээ. Үүнтэй ч хотын парламентын төлөөлөгчид санал нэгдэж, түүхэн дурсгалт байшингуудаа хамгаалалтад авсан шиг авах цаг болсныг онцолж байлаа. Улаанбаатар хотын музейн хажууханд нэгэн барилга хэдийнэ босчээ. Бөхийн өргөөний баруун хойд талд байрлах хуучин Шуудан холбооны байранд зоогийн газар, зочид буудал ажиллаж байна. Хэдхэн жилийн дараа манай байшин ийм байдалд орохыг үгүйсгэхгүй хэмээн музейн захирал ярьсан юм.

Музейн барилгыг 1956 онд өргөтгөжээ. Үүнээс хойш ганц ч засвар хийгээгүй аж. Мөн музейн үйл ажиллагааны нэг чиглэл болох судалгаа, сурталчилгаа, эрдэм шинжилгээний ажил явуулахад шаардагдах видео камер, приставка, дуу хураагч зэрэг байхгүйгээс нийслэлийн холбогдолтой түүхэн үйл явдлуудыг баримтжуулан үлдээх боломжгүй байна. Иймд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид өөрсдийн зүгээс шалтгаалах бүхий л зүйлийг хийж, хамтран ажиллахаа хэллээ. Үүний дараа НИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн Соёл урлагийн газраар орлоо. Тус байгууллага нийслэлийн хүн амд үзүүлэх соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, уран сайхны боловсрол, мэдрэмжийг дээшлүүлэх, соёл урлагийг хөгжүүлэх, соёлын үнэт зүйлсийг өвлүүлэн эзэмшүүлэх, соёлын олон талт үйл ажиллагааг жигд чанартай зохион явуулах эрхэм зорилготой. Тиймдээ ч Монголын Үндэсний түүхийн музейтэй хамтран энэ сарын наймнаас ирэх сарын нэгнийг хүртэл дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн монголын уламжлалт хөгжим болох морин хуурийн үзэсгэлэн зохион байгуулах гэж байгаагаа дуулгасан юм.

Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдэд Соёлын төв байгуулах зорилт дэвшүүлсэнтэй холбоотойгоор тухайн дүүргүүдэд Соёлын төв байгуулах хөрөнгө оруулалтыг ирэх жилийн төсөвт тусгуулах, Соёл, төрийн бус байгууллага, Соёл боловсрол хариуцсан мэргэжилтнүүдийг Сүхбаатар, Багахангай, Сонгинохайрхан, Багануур дүүрэг ажилладаггүй, жил бүрийн төсөв бидний тавьсан саналаас дутуу олгогдож, байгууллагын хэвийн ажиллагаа алдагдах цаашлаад нийслэлийн хүн амд хүргэх соёлын үйлчилгээнд сөргөөр нөлөөлж байгаа нь бидний тугамдсан асуудал болж байна хэмээн тус газрынхан тайлбарласан. Харин төлөөлөгчид Соёл урлагийн газрын тулгамдсан асуудлыг арай өөрөөр харж авч байлаа. Тэд “Соёл урлагийг түгээнэ гэдэг бол маш том ажил. Гэвч энэ хариуцлагатай ажлыг нэг сая хүн амтай хотод долоохон хүн гүйцэтгэж байна гэдэг дэндүү бага тоо. Мөн соёл, урлаг гэдэг ойлголтыг салангид авч үзэх хэрэгтэй. Өнөөдрийн нөхцөл байдлыг хараад байхад нийслэлд соёлын довтолгоо хийх зайлшгүй шаардлага байна. Нийслэлчүүдийг суурьшмал газрын соёлд суралцуулах хэрэгтэй. Ингэхийн тулд шат шатандаа арга хэмжээ авч, хүүхэд байх үеэс нь төлөвшүүлье. Соёлыг түгээхийн тулд хамгийн энгийн ажлаас эхэлье. Өнөөдөр нийслэлчүүд “босоо” гэсэн тодотголтой болжээ. Яагаад гэвэл нийслэлд ганц ч сандал алга. 25.000 сандал нийслэлд байрлуулъя.

Мөн дүүргүүдийн Соёлын төвийн үйл ажиллагааг тогтворжуулсны дараа дүүргүүдэд шинээр соёлын төв байгуулах тухай ярих хэрэгтэй” хэмээн төлөөлөгчид санал хүсэлтээ хэлж байсан. Мөн өдөр нийслэлийн Хүүхдийн төлөө газрын ажилтай хотын парламентынхан танилцсан юм.