Морьд барианд орохоос өмнө Хүй долоон худагт очсон байна

2009-07-09 00:00:00

Наадмаар Замын цагдаагийн газрын 496 албан хаагч Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд хоёр хуваагдан ажиллах юм байна.

А, Б, Ж, D ангиллын зөвшөөрөлтэй бол Энхтайваны гүүрээр, Ү, Г зөвшөөрөлтэй нь Замын цагдаагийн урд уулзвар, төмөр замын гармаар гарч цэнгэлдэх орох бөгөөд үсгийнхээ заалт бүхий зогсоолд машинаа байрлуулах ажээ.

Хүй долоон худагт А, Б, Г,Ж,Ү, М /хөх, ногоон/, D ангиллын зөвшөөрөлтэй бол очиж хурдан морь үзэх боломжтойгоос гадна үсгийнхээ заалт бүхий зогсоолд машинаа тавих юм байна. Морьд барианд орохоос 1 цаг 30 минутын өмнө, хойно хотоос барианы газар руу очих болон буцахдаа нэг чигийн хөдөлгөөнөөр зорчих аж. А, Б, Ж, D ангиллын зөвшөөрлийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Ү ангиллынхыг дүүргийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтэс болон Замын цагдаагийн газар, Г, М /хөх, шар/ ангиллынхыг дүүргийн Замын цагдаагийн тасаг болон Замын цагдаагийн газар олгох юм байна. Наадмаар цагдаагийн болон дотоодын цэргийн 3132 албан хаагч хэв журам сахиулж, Үндэсний их баяр наадмын сурвалжлагад хэвлэл, мэдээллийнхэн ихээхэн ач холбогдол өгч ажилладаг. Энэ жил 12 телевиз, 20 сонин, 2 радио, 3 цахим хэвлэл, гэрэл зургийн 2 студи нийт 700 гаруй сэтгүүлчид наадмын ажиллагааг олон түмэнд хүргэнэ.