Чингис нэрээр биш Улаанбаатар нэрээр жуулчдыг татдаг болъё

2009-07-02 00:00:00

Чингисийн Монголыг нүдээр үзэхийг хүссэн орон орны хүмүүс энэ л цагт манайхыг зорин ирдэг. Хар, шар, цагаан гэхгүй талын Монголын ёс заншил, амьдрал ахуйг сонирхон ирэх хүмүүсийн цуваа үргэлжилсээр. Харин тэр бүхэн Монгол улсын нийслэл Улаанбаатарт заавал саатдаг.

Хүсэхгүй байсан ч дайран өнгөрдөг нийслэлд маань хүний нүд хужирлаж, хэтэвчийг нь тэмтрүүлэх юу байгаа билээ.
Гадны өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийн нэгээхэн хэсэг бас хөрөнгө төвлөрүүлэх арга нь аялал жуулчлал болдог. Эрх чөлөөний орон Америк гэхэд аялал жуулчлалын гол бүс нутаг бөгөөд тэнд очсон жуулчид хамгийн түрүүнд Цагаан ордноор орж, тус улсын гайхамшгийг мэдэрдэг гэсэн. Цаашлаад Холливиудын гудамж, Элвис Преслигийн музей гээд жуулчдыг татах зүйл тэнд олон бий. Аялал жуулчлал гэдэг нь өөрийн оронд байгаа түүх дурсгалын зүйлс, орчин үеийн шийдэлтэй бүхнийг бусдад үзүүлж, нэг ёсны мөнгө олох арга болдог. Нэгэнт бий болчихсон түүх дурсгалын үнэт зүйлээ хадгалж бас өөд нь татаж мөнгө олох аргаа болгосон улсууд ч цөөнгүй бий. Зөвхөн юм үзүүлээд байх биш түүнийг дагасан үйлчилгээ иж бүрэн байх ёстой. Харин шинэ зууны Улаанбаатарт зориод ирсэн жуулчдын харааг булааж, аюулгүй, ая тухтай амрах нөхцөл бүрдсэн болов уу? Аль хэдийнэ жуулчлалын улирал ирж, жуулчид цувах болсон энэ цагт нийслэлд хэчнээн жуулчин ирсэн тухай ямар ч мэдээлэл алга. Уг нь нийслэлийн Аялал жуулчлалын газар гэж арав гаруй хүний орон тоотой байгууллага байдаг.

Энэ газар нийслэлд ирсэн жуулчдын тухай ямар ч мэдээлэлгүй үйл ажиллагаа явуулж байх юм. Чухам хэнд зориулж, юу хийгээд байгаа юм бүү мэд. Тэгэхээр хотын аялал жуулчлал гэдэг зүйлийг хувийн хэдхэн байгууллага хариуцдаг нь тодорхой. Тэд Сүхбаатарын талбайгаас эхлээд Зайсан толгой, Бурхан багшийн цэцэрлэг, Гандан хийд, Их тэнгэрийн хадны сүг зураг гэсэн хэдхэн газраар явчихаад Улаанбаатар хотын үзэх зүйл дууслаа гээд аль нэг аймаг руу аваад давхина. Гадныханд үзүүлж гайхуулах зүйл хомс гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа ч жуулчдад зориулсан нэгдсэн маршрут байхгүй хойно нүдэнд ил харагдах хэдхэн зүйлээ үзүүлэхээс өөр яах билээ дээ. Хотын аяллыг хөгжүүл гээд хариуцсан хэлтсийг газар болгон өргөжүүлж, хүн хүчээр ч хангасан. Гэвч өнөөдөр жуулчдад зориулсан хамгийн энгийн зүйлүүд ч байхгүй байна. Улаанбаатарт ирсэн жуулчдад хөтөч хийчих гарын авлага, газрын зураг гээд хэлэх зүйл бараг л алга. “UB Guide book” гэсэн ном гаргасан ч тэр нь жуулчдад бүрэн дүүрэн мэдээлэл өгч чадахгүй. Дээр нь зөвхөн нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээллийн төвөөр тараагддаг. Ийм хязгаарлагдмал хүрээтэй болохоор бараг л байхгүйтэй адил гэсэн үг. Хувийн компаниас эмхэтгэн гаргасан жижигхэн товхимлууд л номын дэлгүүрээр зарагдана. Сүүлийн үеийн жуулчид орчуулагч, хөтөч гэхээсээ илүү ном, лавлахаар газарчнаа хийж, бие даан аялах сонирхолтой болсон. Тиймээс ч бусад улсуудын онгоцны буудал дээр нь л жуулчдад зориулсан гарын авлага бэлэн байдаг. Ингэж хүний газар нүд, хэл нь болох зүйл манайд даанч хомс. Цаашлаад жуулчид мэдээж амарч тухална. “Улаанбаатар”, “Сүнжин гранд”, “Чингис”, “Баянгол”, “Палас” зэрэг хэдхэн томоохон зочид буудалд манайд ирсэн жуулчид буудаг. Нүдний гэм болсон гарын авлага дээр энэ хэдээс өөр зочид буудлын нэр, байршил ч байхгүй. Тэгээд үйлчилгээ гэж авах юм байхгүй. Ямар сайндаа л “Танай зочид буудлын шүршүүрийн ус дусал дуслаар гоождог юм байна лээ” гэж нүүр улайлгаж байхав. Энэ бол гашуун үнэн. Тэгээд дэлхийд Чингисээр дуурсагдсан Монголын нийслэлээр явж, зорьсон хэргээ бүтээхээр гарна. Өөрөөр хэлбэл Улаанбаатарын сайхныг харж, нүд, сэтгэлээ баясгахыг хүснэ.

Манайхан аялал жуулчлалын бүтээгдхүүн бий болгоно гэж сүржигнэдэг ч өнөөдрийг хүртэл тэр нь сургаас цаашгүй. Байгалийн түүхийн музей, Үндэсний музейгээр орсон жуулчид л жаахан зүйл мэдэж авах боломжтой. Цаана нь Богд хааны ордон, Чойжин ламын сүм, Улаанбаатар хотын түүх шинэчлэн байгуулалтын, Занабазарын, Цэргийн гээд өчнөөн олон музей байдаг ч жуулчид бараг л ордоггүй. Салбар салбарын түүхийг харуулсан эдгээр музей жуулчдыг татах ямар нэг арга хэрэглэхгүй байгаа нь нэрнээс цаашгүй болоход хүргэж байна. Жуулчдын өндөр шаардлага тавьдаг нэг зүйл бол үйлчилгээ. Гадныхан юмаа хүнд хүргэх гэж бөхийдөг байхад манайхан гэдийж зогсож байгаад л соёлгүй, бүдүүлэг нэр авна. Ер нь манай үйлчилгээний байгууллагууд хүн татах аргаа мэддэггүй гэхэд болно. Харин “Говь” компанийн нэрийн дэлгүүрүүд жуулчин авчирсан хөтөчид орлогын 25 хувийг өгдөг гэсэн. Тиймдээ ч хөтөч бүр жуулчдаа аваад хамгийн түрүүнд “Говь”-руу явдаг. Ингэж бусдыг татах ямар нэг соронзтой байхад монголчууд жуулчдаас чамгүй мөнгө салгаад л байна. Үзүүлж, харуулах юмаар хомс ч үйлчилгээгээрээ тэднийг татаж болно шүү дээ. Уг нь Манайд “Жуулчны” гэсэн тодотголтой гудамж бий. Ёстой л нэрнээс цаашгүй зүйл гэж тэрийг л хэлэх байх. Жуулчдад зориулсан юу ч байхгүй. Эмийн сан, гутал, цаг засвар, алт мөнгөний дархан, оёдол гээд жуулчдад ямар ч хүртээлгүй үйлчилгээнүүдээр дүүрчихсэн. Үүний оронд томоохон худалдааны төв, ресторан, музей зэрэг жуулчдын сонирхдог зүйл байрласан бол жинхэнэ “Жуулчны гудамж” болно.

Жуулчлалын улирал дундаа орж, зарим жуулчид буцаж байхад гэнэт ухаан орж “Гар урлалын төв”-ийг байгууллаа. Бас өчигдөрхөнөөс жуулчдад зориулсан тусгай таних тэмдэгтэй такси явуулах болсон. Энэ нь гадны хүний өнгөтэй, өөдтэй болгоныг дээрэмдэж, монголчуудын нэрийг гутаадаг балмад хүмүүсээс хамгаалсан нь сайн хэрэг ч мөн л цаг хугацаа хожимдсон. Ийнхүү 1778 оноос хойш өнөөг хүртэл 370 жилийн түүхийг хадгалж, хөгжиж дэвжсээр байгаа нийслэлд маань гадныхны нүдийг хужирлаж, сэтгэлийг баясгах зүйл хомсхон хэвээр л байна. Зуун зуунаар тоологдох түүх, дурсгал дутагдалтай байна гэж үү? Үгүй дээ. Зөвхөн түүнээ, бусдыг татах соронз болгож чадахгүй байгаа хэрэг. Өмнөх үе нь түүх болгоод үлдээсэн зүйлийг хойч үе нь улам баяжуулж, бусдад гайхуулах эрдэнэ болгох ёстой. Харин бидэнд ийм хичээл зүтгэл, сэтгэл дутагдаж байна. Бас хөрөнгө мөнгө гэж үү? Жуулчид гэдэг чинь өөрсдөө мөнгөний эх үүсвэр. Сэтгэлд нь нийцсэн зүйл үзүүлэх тоолонд тэд мөнгөөр хариу барина. Энэ бол аялал жуучлалын бусдаас ялгарах давуу тал. Ингэж эргэх холбоогоор хөгжих бүрэн боломжтой аялал жуучлалыг Улаанбаатарт хөгжүүлэхэд юу дутагдаад байна вэ? Улсын нийслэл гэсэн нэр, 370 жилийн түүх, дурсгал гээд нэн тэргүүнд шаардлагатай бүхэн байна. Чингис нэрээр ирж, монголчууд нэрээр буцаж буй жуулчдаар дамжуулан их хотоо сурталчлах сайхан боломжийг ашиглаад үзье л дээ. Тэр цагт Улаанбаатар жуулчдыг татдаг дэлхийн хот болох ч юм билүү.