Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 500 сая төгрөгийн хандив цугларч байна

2009-07-02 00:00:00

Амарч, тухлах газар манай нийслэлд хамгаас илүүтэй үгүйлэгдэж байгаа. Тийм ч учраас 670 га газрыг хамарсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болж, эхлэлийг нь тавиад байгаа билээ. Өнгөрсөн сарын 24-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хандив цуглуулах уулзалт Улаанбаатар зочид буудалд болсон юм.
Өчигдрийн байдлаар нийт 500 гаруй сая төгрөг цуглахаар болж, үүний 70 гаруй сая төгрөг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дансанд ороод байгаа аж. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах хөрөнгийг цуглуулах үүргийг шинээр байгуулагдсан “Улаанбаатар бизнес хөгжлийн төв” хүлээж байгаа. Тус төвийн дэд захирал Б.Сүхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулахад нийт хэдэн төгрөг шаардлагатай байна вэ?
-Эхний ээлжинд 150 га газрыг тохижуулахаар төлөвлөж байгаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нийт 670 га газрыг бүхэлд нь тохижуулахад 20 тэрбум төгрөг хэрэгтэй. Одоогийн байдлаар нийт 542624600 төгрөгийн эд материал болон мөнгөн хэлбэрийн амлалтыг иргэд, байгууллага аж ахуйн нэгжүүд өгөөд байгаа. Үүнээс 70 гаруй сая төгрөг нь дансанд орж ирсэн.
-Томоохон хандив өгсөн байгууллагуудыг дурдаач?

-500 гаруй сая төгрөгийн 200 сая гаруй нь бэлэн мөнгөөр орж ирнэ. Үлдсэн нь мод сөөг зэрэг эд материалын хандив байгаа. “Туушин” компани хамгийн түрүүнд 30 сая төгрөг хандивласан. “Гацуурт” компани 100 сая төгрөгийн мод тарьж өгөхөөр боллоо. Өөрийнхөө ногоон байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг салбар компаниа мод тарих ажилд дайчилна гэж байгаа. Ойролцоогоор 2-3 га газарт мод, сөөг тарина. “Шунхлай” групп тодорхой хэмжээгээр шатахууны зардлыг гаргахаар болсон. “Пентатоник” академи 90 сая, “Чингис хаан” банк 30 сая, “Нью прогресс” 30 сая, “Polo resources” 30 сая, “Анунгоо” 16 сая төгрөгийг бэлнээр өгөхөөр амласан. Түүнчлэн “Ремикон” 30 сая төгрөгт дүйцэх бетон зуурмаг, “ЖЖБ” компани 1000 ширхэг мод, “Ачит ундарга” 10 сая төгрөгт багтах цэцэг өгөх юм.
-Чамлахааргүй хандив цуглуулсан байна. Гэхдээ 20 тэрбум төгрөгөөр энэхүү хүрээлэн маань байгуулагдана шүү дээ. Цаашдаа юу хийх гэж байна?
-Улсдаа томоохонд тооцогддог компаниудыг энэхүү ажилд оролцуулна гэж бодож байгаа. Залуучуудын дунд хөдөлгөөн өрнүүлэх гээд бидэнд хийхээр төлөвлөсөн ажил нэлээд бий.