Баянзүрхийн гүүрээр нийтийн тээврийн хэрэгсэл зорчихыг зөвшөөрлөө

2009-07-02 00:00:00

Засварт орсон Баянзүрхийн гүүрээр нийтийн тээврийн хэрэгсэл явахыг зөвшөөрсөн байна. Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн газраас тодрууллаа, Туул гол дээрх Баянзүрхийн төмөр бетон гүүрэнд эвдрэл гарч, өнгөрөгч 5 дугаар сарын 23-ны өдрөөс засварын ажлыг эхлүүлсэн.
Засварын эхний үе шат дуусах хүртэл бүх жин нь 3.5 тонноос дээш даацтай бүх төрлийн тээврийн хэрэгслийг гүүрээр нэвтрүүлэхгүй байх тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарч, холбогдох байгууллагууд хэрэгжүүлж ирсэн.

Өнгөрсөн сар гаруйн хугацаанд Тээврийн товчоо-Налайх, Тээврийн товчоо-Хонхор гэсэн чиглэлд үйлчилдэг том оврын автобусуудыг хоёр талын эцсийн буудлаас Баянзүрхийн гүүр хүртэл богино эргэлтэд шилжүүлэн зорчигчдыг гүүрээр явган гаргаж байсан. Харин энэ сарын хоёрны өдрөөс иргэд зорчигчдын тав тух, аюулгүй байдлыг хангах үүднээс зөвхөн нийтийн тээврийн автобусуудыг гүүрээр нэвтрүүлэх шийдвэрийг нийслэлийн Засаг дарга гаргалаа. Ингэснээр Хонхор, Налайх, Тэрэлжийн чиглэлд явдаг нийтийн тээврийн автобусууд Баянзүрхийн гүүрээр зөвхөн 5 км/ц-аас илүүгүй хурдтайгаар өнгөрөх болно. Харин 3.5 тонноос дээш даацтай бусад төрлийн машинууд гүүрээр нэвтрэх эрхгүй гэлээ.