Хотын даргыг олон сольсноор хот хөгждөг бол ч

2009-07-01 00:00:00

Нийслэл хот түүхэндээ 30 мэрийн нүүрийг үзэж, тэдний оюун ухаан, хөдөлмөрийн оролцоотойгоор хөгжиж дэвшин өнөөг хүрчээ. Нийслэлийн Засаг дарга гэсэн нэр хүндтэй бас хариуцлагатай албан тушаалыг 1992-1996 онд хашиж явсан нэгэн хүнийг энэ удаагийнхаа “City Life”-ийн зочин буландаа урьсан юм.
Энэ бол Цэрэндэмбэрэлийн Баасанжав. Шилжилтийн он жилүүдэд Улаанбаатар хотыг удирдаж, нийслэлчүүдийн төлөө гэсэн сэтгэлээр жаргал зовлонг нь хуваалцаж явсан энэ хүн бол хотын 25 дахь мэр юм.
Тэрбээр одоо Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консул бөгөөд “Улаанбаатар, Хятадын Өвөрмонголын соёлын өдрүүд”-ээр эх орондоо ирээд байхад нь уулзаж ярилцсан юм.
-Таны хотын дарга хийж байсан үеийг өнөөгийн Улаанбаатартай харьцуулахад хэр ялгаатай байна вэ? Ямар онцлогтой цаг үе байв?
-Аливаа улс орны хөгжил гэдэг бол дандаа урагшилж байдаг. Миний хотын дарга хийж байсан 1992-1996 он зах зээлийн харилцаанд шилжиж байсан шилжитийн үе учраас өнөөгийн Улаанбаатартаа зүйрлүүлэх аргагүй. Бэрхшээлтэй асуудлууд маш их байсан. Улсын үйлдвэрийн газрууд хувьчлагдсаны дээр хувийн байгууллагууд бэхжиж чадаагүй. Дэлгүүрийн лангуун дээр давс, гоймонгоос өөр юм байгаагүй гэж ярьдаг. Энэ бол амьдралын үнэн. Тиймээс барааны хангамжийг сайжруулах, ажилгүй олон хүнийг ажлын байртай болгох шаардлага гарсан. Улаанбаатар хот бусадтай харьцуулвал өмнө бүтээсэн зүйлсээ эвдэлж, нураалгүй, хэвийн байдлаар зах зээлд шилжсэн. Энэ утгаараа миний ажиллаж байсан үе бусдаас ялгагдах онцлогтой гэж боддог. Зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа нийслэл хот бол биеэ даасан, амьдрах чадвартай байхын баталгаа бол нийслэлийн “Эрхзүйн байдлын тухай хууль” байсан. Тиймээс ч нийслэлийн “Эрхзүйн байдлын тухай хууль”-ийг УИХ-аар батлуулсан. Ингэснээр нийслэлийн нэр хүндийг өргөх түүхэн ач холбогдолтой олон асуудал шийдэгдсэн. Улаанбаатар хотын 355 жилийн ой яригдаж, нийслэлийн өдрийг бий болгож, тэмдэглэдэг болсон. Бас нийслэлийн бэлгэ тэмдэг, туг, сүлд, Хүндэт иргэний цол тэмдгийг бий болголоо. Энэ бүхнээс нийслэлийн нэр хүнд өсч, тэр хэрээр нийслэл улам бэхжсэн түүхэн цаг үе байлаа.

-Өнөөдрийн Улаанбаатарын хөгжлийн замыг тодорхойлооч? Ямархуу замаар явж байна вэ? Хөгжиж байна гэж байгаа ч алдаатай, анхаармаар зүйл ч байгаа байх?
-Өнөөгийн Улаанбаатарт сайн зүйл их байна. Хотын иргэд олон зүйлийг бүтээж, биеэ дааж амьдардаг болсон. Гэхдээ дэлхийн бусад орнуудтай харьцуулаад үзвэл анхаарах зүйл их байна. Юуны өмнө нийслэлийн хөгжлийн бодлого, зорилтыг нарийн тодорхойлж, ягштал биелүүлдэг байх хэрэгтэй. Бидний үед нийслэлийг хөгжүүлэх гурав дахь ерөнхий төлөвлөгөө хэрэгжиж, төлөвлөсөн зүйлээ яг хэрэгжүүлдэг байлаа. Тэгээд дөрөв дэх ерөнхий төлөвлөгөөтэй золгосон шилжилтийн үе байсан. Мэргэжлийн хүний үүднээс хэлэхэд сүүлийн үед хот байгуулах бодлого дээр алдаатай зүйл их байна. Өнөөдрийн байдлаар бол 10, 20, 30 жилийн дараа засахын аргагүй байдалд орж, нийслэлээ нүүлгэх асуудал тулгарахыг үгүйсгэхгүй. Дэлхийн олон нийслэл хот байгуулалтын бодлого дээрээ алдаа гаргаснаас нүүж, шилжсэн байдаг. Манайх тийм байдалд хүрэхгүй гэх газар байхгүй. Өнөөдөр цэвэр усан хангамжийн асуудал хүндэрч байна. Цэвэр усны бүсэд айл бууж, байшин барилга их барьснаас усны эх булаг маш их бохирдож байна. Уснаас үнэтэй зүйл хаана ч байдаггүй. Нийслэлийн түүхэнд хүн амын ундны ус бохирдсон үе тохиолдсон. Аж үйлдвэрийн комбинатын цэвэр усны эх булаг 1980-иад оны дундуур бохирдож, цэвэр усны нэг, хоёрдугаар бүсийг бий болгож, нэгдүгээр бүсэд байсан айл өрх, үйлдвэр үйлчилгээний газруудыг нүүлгэж байсан.

Одоо тийм байдал нүүрлэх вий гэж санаа зовдог. Би нийслэл хотын дарга Ж.Наранцацралтад ажил хүлээлгэж өгөхдөө “Иргэд нь ямар ч цэвэрлэгээгүйгээр уудаг цэвэр устай хотыг чамд хүлээлгэж өглөө. Энэ бол Улаанбаатарын бахархал шүү” гэж хэлж байсан. Ямар ч нийгмийг байгуулахад ус хэзээд төрийн мэдэл, хамгаалалтад байх ёстой. Мөн нийслэлийн орон зайн төлөвлөлт гэж байдаг. Дэлхийн хотуудын хот байгуулалтаас харахад орон зайн төлөвлөлтдөө хамгийн түрүүнд анхаардаг. Энэ бол байгаль орчноо хамгаалахаас гадна иргэдээ эрүүл орчинд амьдруулах нөхцөлийг бүрдүүлэх ерөнхий томъёолол. Тодорхой зураг төслөөр зохиогдоод барьсан хотын орон зайн төлөвлөлтийг алдагдуулж, байшингийн цонх хааж байшин барьж байна. Дээр нь ямар ч инженерийн тооцоогүй. Ус, дулаан хангамжийн эх үүсвэр нь өөрчлөгдөж шинэчлэгдээгүй байхад төвийн бэлэн шугам дээр маш их барилга байшин барилаа. Энэ бол хэдэн жилийн дараа нийслэлийн толгойны өвчин болно. Хот байгуулалтын бодлого гэдэг бол энэ хүндрэлээс л хотын иргэдээ авч гарах, зайлсхийх арга зам. 1970-1980 оны үед усан хангамж их муу, байшингийн гурван давхраас дээш халуун ус хүрдэггүй, цахилгааны графикаар өгч, үйлдвэр аж ахуйн нэгжийн ажлын цагийг зохицуулдаг байсан. Учир нь хэрэглээгээ хангах бодлогоо дэд бүтэц, хангамжийн бодлоготойгоо уялдуулаагүйгээс ийм байдалд хүрсэн. Ямар нэг алдаа өнөөдөр шууд харагдахгүй. Өнөөдрийн буруу бодлого 20 жилийн дараа хүндрэл болж гарч ирнэ. Гадаадад хоёр, гурван жил амьдарч байгаад эргээд харахад нийслэлийн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэрэг энгийн зүйлүүд маш их дутагдаж байгаа нь ажиглагдсан. Хот, дүүргийн төр захиргааны байгууллагын үүрэг бол хотынхоо иргэдийн амьдрах сайхан орчныг бүрдүүлэх. Үүнийг маш муу анхаарч байна. Хувийн хэвшлийнхэн хийчих ажил руу хотын захиргааныхан хутгалдаж ороод, үүнийгээ дагуулж төрийн захиргааны байгууллагынхаа бүтцийг өөрчилдөг байдал ажиглагдах болсон. Ер нь Улаанбаатарын үе үеийн удирдлага нийслэлийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй ажилладаг. Харамсалтай нь дээрээс дэмжих дэмжлэг маш муу байдаг. Хотын удирдлагуудыг байнга л шүүмжилж, муу хэлж ирснээс бус юм хийчихлээ, бүтээчихлээ гэж хэлдэг хүн бараг л байдаггүй юм даа. Нийслэл хот иргэдээ их хөдөлгөмөөр байна. Нийслэлдээ мод тарих нь аль ч хотын иргэдийн хийх ёстой зүйл. Өмнөх нийгэмд коммунист субботник гэдэг байсан бол зах зээлд шилжчихлээ гээд мод тарихгүй амьдрах орчноо сайжруулахгүй, төрийн үүрэг гээд сууж болохгүй. Аливаа хотын ногоон байгууламжтай холбоотой бүх ажлыг мэргэжлийн байгууллага хийдэг. Гэтэл манайд энэ ажлыг хийх мэргэжлийн байгууллага байгаа байхгүй нь мэдэгддэггүй. Одоо энэ үүрэг нь дүүргүүдэд шилжсэн юм шиг байна лээ. Тэгээд дүүргийн ТҮК нь зөвхөн ахуйн болон үйлдвэрлэлийн хогийг зайлуулах ажлыг л хийдэг. Хэдэн жилийн өмнө Их, Бага тойрогт байсан ногоон байгууламж одоо юу ч үгүй болжээ. Хотын удирдлагуудын ийм зүйлсийг оновчтой харж, хувийн хэвшлийн байгууллагуудын дэмжлэгийг авч, төрийн захиргааны байгууллагууд иргэдийнхээ амьдрах орчны төлөө анхаарах хэрэгтэй. Бидний үед бол талхны үйлдвэр хэдэн талх хийв, дэлгүүрт хэчнээн талх ирэв, талх нь жиндээ байна уу гээд энэ бүхний араас хотын удирдлага хөөцөлддөг байсан. Өнөөдөр талх яаж үйлдвэрлэв гэдэг талхны үйлдвэрийн ажил, хотын удирдлагад ямар ч хамаагүй хэрэг. Тэгэхээр хот, дүүргийн гол ажил бол хотын ахуй орчныг сайжруулах. Ингэж сайжирснаар хотын иргэд тэрийг дагаад төлөвшөөд эхэлнэ. Хотын иргэн хүн гэдэг чинь хотынхоо орчноос төлөвшдөг юм. Иргэн хүн үүргээ биелүүлэхгүй бол эрхээ эдлэх нөхцөл бүрдэхгүй.

-Хот байгуулалт дээр анхаармаар зүйл байна гэж та хэллээ. Тэгвэл яаж төлөвлөж байгуулвал зөв барьсан хоттой болох вэ? Өнөөдөр хаа сайгүй байшин, барилга барьж байгаа нь зөв үү?
-Байшин барьж байгааг буруутгаж байгаа хэрэг биш. Ингэж барихдаа тооцоотой барих хэрэгтэй. Тооцоотой баригдаж, тооцоотой дэд бүтэц тавьсан зүйл дээр тооцоогүй шугам сүлжээ холбоод байж болохгүй. Санхүү, эдийн засгийн хүндрэлтэй манайх шиг хот бол мөнгөтэй, нэр хүндтэй компани, байгууллагаа ашиглах хэрэгтэй. ӨМӨЗО яагаад хөгжиж байна вэ гэвэл Хятадад нэртэй том аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг татаж чадсанд байгаа юм. Улаанбаатар хот ч ингэж хөгжиж болно. Мөнгөтэй хувийн компаниудаа дэмжээд, тэднийг хөгжилдөө ашиглах хэрэгтэй. Дэд бүтэцгүй салбаруудад дэд бүтцийг бий болгох замаар хот тэлж хөгжих хэрэгтэй. Энэ бол өнөөгийн хотын удирдлага, хот байгуулалтын нэн тэргүүнд барих ёстой бодлого. Өнөөдөр хотын төвд бариад байгаа өндөр барилгуудыг алсын дүүргүүдэд бариад, дэд бүтцийг хөгжүүлсэн бол өнөөгийн Улаанбаатар ямар сайхан байх билээ. Гэвч ингэж чадсангүй. Нэгэнт өнгөрсөн зүйлийг шүүмжлээд суух биш цаашдаа үүнийг маш сайн анхаармаар байна. Одоо газар олголт, хот байгуулалтыг алсын дүүргүүд рүү чиглүүлэх хэрэгтэй. 100 мянган айлын орон сууцыг төвдөө чихээд байх биш Налайх, Багануур, Төв аймгийн Батсүмбэрт барих нь зөв арга болно. Дэлхийн улсуудын хот байгуулалтын сайныг нь дагаж мууг хаях хэрэгтэй. Зам руу түрж байшин барьсаар байгаад одоо зам дээрээ машин нь багтахаа больсон. Энхтайваны өргөн чөлөөг байшин барилга барихгүй зам өргөтгөж, гурван урсгалтай болгоно гэж зориуд хадгалж байсан газар дээр одоо хоёрын хооронд юм шовойлгочихсон байх юм.
-Ингэж томоохон бүтээн байгуулалт хийх гээд газрыг нь үлдээчихсэн газарт өнөөдөр бараг хэнд ч хэрэггүй зүйл барьчихсан жишээ хаана хаана байна вэ?
-Өнөөдөр “Голомт” банкны байр барьчихаад байгаа энэ газрыг бид хадгалж байсан. Бидний үе хийж чадахгүй байсан зүйлээ хойч үедээ үлдээх ёстой. Биднээс илүү ухаантай хойч үе маань тэнд хотдоо хэрэгтэй зүйлийг барина шүү дээ. Бас хуучин Угаалга, хими цэвэрлэгээний комбинат гэж байсан газарт одоо “Түшиг” их дэлгүүр гээд барьчихсан байна. 12 дугаар хорооллын парк байна. Байсан паркийг тордохын оронд дүүрэн байшин барилга барьчихаад ногоон байгууламж болгоно гэсэн шинэ нэр томъёо өгчихөөд мөнгө өгөөч гэж байна. Энэ бол хөгжил биш. Өмнө нь хийж, бүтээсэн зүйлээ өөд нь татаж хадгалаад, дахин шинээр хийх нь л хотоо хөгжүүлэх зөв арга зам.
-Өнөөгийн хотын удирдлагуудын барьж байгаа бодлого нь хэр оновчтой байна вэ? Нийслэлийн хөгжлийн бодлого бүхэлдээ биш юм гэхэд дарга солигдох бүрт тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг байх. Ингэснээр тууштай хөгжиж чадах уу?
-Би 30 жил ажилласан хотын захиргаандаа сая орлоо. Хотынхоо ажил сайн байвал баярлаад, тааруухан байвал сэтгэл дундуур явдаг. Хотын өнгө төрх, барилга байшин маш их өөрчлөгджээ. Энэ бол хотын удирдлагууд ажилдаа анхаарч, юм хийж байгаагийн бодит үр дүн. Хүний нүдэнд юм харагдаж байна гэдэг чинь ажил хийж байгаагийн шинж. Би нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Энэ бол улс төрч хүний үг гэж ойлгох хэрэгтэй. Нийслэл хотын дарга гэдэг бол олон сольдог албан тушаал биш ээ. Улаанбаатар хотын удирдлагыг олон сольсноор Улаанбаатар хот юу ч хожихгүй. Бидний үед ажиллаж байсан Москва хотын дарга Ю.М.Лужков 70, 80 хүрчихээд өнөөдрийг хүртэл байж л байна. Ардчилал гээд дөрвөн жилээр солиод байдаг бол Лужковыг солих нь яасан юм. Ингэж олон жил нэг хүнээр удирдуулснаар Москва хот, москвачууд л хожиж байгаа. Энэ хугацаанд манайх найм, есөн дарга солилоо. Тэгвэл сольсноор бид юу хожив оо? Хотын даргыг олон сольсноороо сайн байдаг юм бол дэлхийн хамгийн сайхан хот Улаанбаатар болох байлаа. Цаашдаа Үндсэн хууль, орон нутгийн хуулинд өөрчлөлт оруулж, хотын удирдлагыг нийслэлийн иргэдээсээ сонгох хэрэгтэй. Сонгосон хүндээ ажиллах эрхийг нь өгдөг, тогтвортой ажиллуулдаг нөхцөлийг эрхзүйн талаас нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хотын дарга бол улс төрийн хайчанд явж байдаг албан тушаал ч биш. Хотын ажил гэдэг бол улс төр биш. Нэг дарга ирээд шинэ хөтөлбөр гаргадаг байж болохгүй. Цаасан дээр бичсэн хөтөлбөрийг дагаж амьдрал явахгүй. 1778 оноос хойш дөрвөн уулын дунд хот оршин тогтнож, монголчууд нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншилд шилжсэн хөгжил дэвшлийн үр дүн бол өнөөгийн Улаанбаатар. Суурин амьдрал гэдэг бол нийгмийн нэг илрэл. Тиймээс өнөөгийн хотын удирдлагуудыг тогтвортой ажиллуулмаар байна. Бас тэд хотын иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй баймаар байна. Сая Ерөнхийлөгчийн сонгуулиар нийслэлчүүд МАХН-д муу санал өглөө гээд хотын намын хорооныхоо даргыг солиод хаячихсан. Би энд шүүмжлэлтэй хандаж байгаа. Ялагдал нь тэр хүнээс шалтгаалаагүй шүү дээ. Харин орон нутгийн сонгууль болоод ялагдсан бол тэр хүн хариуцлага хүлээх учиртай. Ингэж бужигнуулаад байна гэдэг ажил цалгардуулж, олон сөрөг дагавар авчирдаг. Боловсон хүчний байршил, ирээдүйн итгэл, залуу хүний ажлаа хийгээд сайхан амьдаръя гэсэн оргилуун сэтгэлийг арчиж хаядаг. Манай хот сайхан залуу удирдлагуудтай болсон байна. Тиймээс одоо ажиллаж байгаа энэ хүмүүсийг жаахан тогтвортой ажиллуулаасай. Бас үе үеийн хариуцлагатай албан тушаалтнууд залуу халаагаа бэлтгэх хэрэгтэй. Энэ бол хувь хүний үүрэг. Өөрсдөө л 50, 60 хүрчихээд би энд байх ёстой гээд байж болохгүй. 20, 30 жил УИХ эсвэл ямар нэг байгууллагад ажилласан хүнээс өөрийг чинь залгамжлах хүн хаана байна гэж асуух хэрэгтэй. Хэрэв надаас ингэж асуувал би нийслэлийн хоёр даргыг Ерөнхий сайд болгож бэлдэж өгсөн. Би үүнийг ам бардам хэлнэ. Төрийн боловсон хүчин гэдэг бол ийм хариуцлагатай байх ёстой. Зөвхөн өөрөө тэр албан дээр мөнх байх юм шиг хандаж болохгүй.
-Нийслэлийн хөгжилд хөдөлгөх хүч болгох зүйл бол яах аргагүй хөрөнгө мөнгө. Гэвч нийслэл олсон мөнгөнийхөө тал хувийг улсад төвлөрүүлдэг. Тэгээд үлдсэн хэдхэн төгрөгөөр нийслэлийг хөгжүүлнэ, бүтээн байгуулалт хийнэ гэдэг хэцүү байх. Та ч ийм байдалтай тулгарч байсан хүний хувьд энэ асуудлаар ямар бодолтой байдаг вэ?
-Хотын удирдлага, байгууллагууд муу хэлдэгдгийн нэг учир үүнд байдаг. Олсон жаахан мөнгөөр нь гудамж гэрэлтүүлэхийн оронд Сангийн яам аваад явчихдаг. Иргэн нь шүүмжилнэ, дээрээс хотынхон юм хийхгүй байна гэдэг. Үнэн хэрэгтээ бүх зүйлийг мөнгөөр хийнэ биз дээ. Тэгтэл мөнгийг нь аваад явчихдаг. УИХ дээр ороод хотын амьдрал ярихад 76 гишүүний 57 нь эсрэг кноп дардаг. Хотоос гарсан гишүүд сонгогдохдоо хотын төлөө үхтэлээ явна гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ эсрэг санал гаргадаг юм шүү дээ. Хотын удирдлагаар ажиллаж байсан хэдхэн хүн үлдэж, ад үзэгдээд сууж байдаг. Хотын дарга Засгийн газрын хуралдаанд ороод үүдэнд нь сууна. Сайд нар дээр нь сууж сайн юм хийсэн байвал атаархаж, хотыг муу хэлнэ. Жаахан муу байвал дээд зэргээр муулна. Эрх мэдэл, бүх өмчийг нь авчихна. Ийм байж орон нутгийн бие даасан хөгжил, нутгийн өөрөө удирдах ёс гэж худлаа яриад яах юм бэ. Энэ байдлыг өөрчлөх цаг болсон. Хөдөө орон нутгийн хийсэн алдааг Улаанбаатар нөхөх ямар шаардлагатай юм. Эрчим хүчний үнийг хүртэл нийслэлчүүд нөхдөг. Хэрэглэгч байхгүйгээс алдагдалд орсон эрчим хүчээ хотын орон сууцанд амьдарч байгаа иргэдээр нөхүүлдэг. Тэгээд л хэсэг байж байгаад л эрчим хүчний үнийг нэмнэ гэж ярьдаг. Нийслэлийн олсон хэдэн төгрөгийг нийслэлд нь зарах биш Сангийн яам татаж, хуваарилдаг. Нийслэлд зам тээвэр, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг бүх асуудлаа шийдэх хөрөнгийг өөрт нь үлдээх хэрэгтэй. Нийслэл өөрийн гэсэн бие даасан төсөвтэй болоод бүх мөнгөө өөртэй зарцуулдаг бол хөгжих бүрэн боломжтой. Хөгжүүлэх материаллаг бааз, ажиллах хүч, боловсон хүчний чадвар ч бий. Улаанбаатарыг Баян-Өлгийгийн иргэд ирж бариагүй. Өнөөгийн Улаанбаатарыг Улаанбаатарчууд л бий болгосон. Бид зах зээлд орсон ч төсвийн талаасаа хуучин социализмын үеийн системээр явж байна. Манай төр бол ерөөсөө хөдөөжүүлэх, нүүдэлжүүлэх бодлого явуулдаг. Монголчууд нүүдлийн соёл иргэншлээ хадгалж явах нь зөв. Гэхдээ энэ бол хөгжилд барих бодлого биш. Нийслэлийн хэдэн төгрөгийг аваад хуваарилж байгаа нэрээр хөдөө рүү цацдаг. Нийслэлтэйгээ адилхан хөгжчихсөн том хотуудтай улс байдаггүй юм. Хөдөө, хотын амьдрал ялгаатай. Харин хот, хөдөөгийн иргэдийн амьдралын өдөр тутмын хэрэгцээг л хангаж, ойртуулж өгөх хэрэгтэй. Үүнийг хот хөдөөгийн ялгааг арилгана гэж байгаа юм. Гэтэл манайхан хөдөө орон нутагт Улаанбаатар шиг өндөр байшин барихыг яриад байдаг. Энэ бол хөгжлийн зам биш.
-Улаанбаатар хотыг 600 мянган хүнтэй байхаар төлөвлөсөн. Гэвч өнөөдөр нэг сая гаруй хүн амтай болсноор хүндрэл тулгарах боллоо гэж ярьдаг. Бараг багталцахгүй болох нь. Шилжилтийн бүс бий болгоно гэдэг. Тэгвэл хөдөөнөөс ирж байгаа хүн бүрийг төвлөрүүлээд байх нь зөв үү?

-Нийслэлд төвлөрөөд байгаа нь иргэдийн буруу биш. Харин тэр орон нутаг иргэдээ авч үлдэх чадваргүй байна. Нийслэл 600 мянган хүнтэй байхаар төлөвлөгдсөн. Гэтэл өнөөдөр сая гаруй хүн амтай болсноор хот хэцүү байдалд орчихлоо гэж ярих болсон байна. Энэ бол тийм биш ээ. 600 мянга гэдэг бол тодорхой цаг хугацаанд ерөнхий төлөвлөгөөг дагасан л тоо. Хөгжлийг хүн бий болгодог. Хүн ам ихтэй л байвал нийслэл хот хүчтэй байна. Миний үед нийслэл хот 800 мянган хүнтэй байсан. Тэгээд дэлхийн хотуудын дарга нар цуглаад бусад хотуудын дарга “Танай хүн ам хэд вэ” гэж хамгийн түрүүнд асуудаг. Саяас доош тоо хэлэхээр нэг сумын дарга явж байна гэсэн байдлаар ханддаг. Тэгэхээр нийслэл хот бол хүн төвлөрүүлэх бодлого явуулах хэрэгтэй. Харин төр энэ төвлөрсөн хүмүүсийг тараан байрлуулах үүрэгтэй.
-Улаанбаатарыг Хархорин руу нүүлгэнэ. Өвлийн улиралд агаарын бохирдлоос эхлээд дөрвөн уулын дунд байхад хэцүү байна гэж яригддаг. Таны бодлоор нийслэлээ нүүлгэх хэрэгтэй юу?

-Би энэ тал дээр эсрэг байр суурьтай байдаг. Улаанбаатарын очих газар нь Хархорин лав биш. Харин аялал жуучлал, түүхийн сайхан хот байхыг үгүйсгэхгүй. Тухайн улсын төр засаг болон гадаадын элчин байрладаг тэр газрыг л нийслэл гэдэг. Үүгээрээ бусдаас ялгардаг. Харин тэр нийслэлийг хаа нэг тийш нь нүүлгэнэ гэдэг бол маш том асуудал. Нүүж очих газар маань хамгийн түрүүнд олон улсын нисэх онгоцны буудалтай байх ёстой. Жуулчин ч бай, төрийн өндөр зочид ч бай бүгд л онгоцоор нийслэлд бууна шүү дээ. Нийслэлээ тэнд аваачна гэж ярихын оронд тэр газартаа эхлээд хотоо байгуулах хэрэгтэй. Тэгээд онгоцны буудлаа барьж, Засгийн газраа аваачиж бүх нөхцөлөө бүрдүүлсний дараа л нүүлгэнэ гэж ярих хэрэгтэй. Гадны өндөр хөгжилтэй хотуудын элчингүүд бидний дураар нүүгээд байхгүй шүү дээ. Нийслэл хот гэдэг чинь хотоос хот руу шилждэг болохоос бий болгосон хотоос огт цулгуй тал руу нүүж, төвлөрдөггүй юм. Нүүх нэг шалтгаан нь утаа гэлүү. Тэгээд утаагүй болохын тулд утаагүй зуух гэж яриад байгаа юм. Үнэхээр утаагүй зуух зөв гарц бол хот утаагүй болох цаг хугацаа өнгөрсөн. Хүн амьдрах газраа өөрөө сонгоно гэж Үндсэн хуулиндаа зааж өгчихөөд нийслэлийг гэр хорооллоор дүүргэсэн. Үүнээс л болж утаатай болсон. Үнэхээр л утаанаас болж нийслэлээ нүүлгэх гэж байгаа юм бол гэр хорооллоо нүүлгээч дээ. Эсгий гэртэй нийслэл Улаанбаатараас өөр хаана ч байхгүй. Утаагүй зуухтай ноцолдож байхын оронд асуудлаа зөв барьж авах хэрэгтэй. Өвөр Монголын Хөх хот хэдэн жилийн өмнө утаатай л байсан. Гэтэл өнөөдөр ямар ч утаа байхгүй. Яасан гээч. Ерөөсөө л түлшнийхээ хэлбэрийг өөрчилсөн. Манайхан утаагүй болох аргаа Англиас эрээд байгаа юм. Гэр хороолол Монголоос өөр хаана ч байхгүй. Тэгэхээр гэр хорооллын утаа багасгадаг арга Монголоос л гарна. Хаа холын Англиас гарахгүй. Хажууханд чинь түлшээ өөрчлөөд утаагүй болсон туршлага байхад манайхан зуухтайгаа ноцолдоод л сууж байна. Бид 20 жил буруу зүйл хийсэн. Ямар ч үр дүнгүй, утаа улам ч ихэссэн. Дэлхийн газрын зургаас харахад манайх шиг төвдөө байрласан нийслэлтэй улс байдаггүй. Хот байгуулалтын талаас олон зүйлийг бодож нийслэлээ байгуулсан шүү дээ. Түүнээс нутгийн үзлээр хот байгуулалтад хандаж, нүүлгэж суулгаж болохгүй. Харин аль болох зах руугаа тэлэх хэрэгтэй. Ер нь хотоо нүүлгэх тал дээр бид санаа зовж, толгой өвтгөх хэрэггүй. Дараагийн үеийн ухаантай хүмүүс биднээс илүүг хийнэ. Цаг нь болоод нүүх шаардлагатай бол дэлхийн хотуудын жишгээр нэг газраас нөгөө рүү шилжинэ. 370 жилийн түүхтэй нийслэл хотоо үгүйсгэх хэрэггүй.
-Иргэд нь хотоо хайрлаж, хамгаалж, гар бие оролцож байж хөгжил дэвшилд хүрнэ гэж ярьдаг. Харин нийслэлчүүд маань хотынхоо хөгжилд хэр оролцож байна вэ? Ямар байдлаар оролцвол хотынхоо хөгжилд тус нэмэр болох вэ?
-Өнөөдөр энэ тал дээр нийслэлийн иргэд маш хангалтгүй байна. Тэгсэн хэрнээ төр захиргааны байгууллагаа юм хийхгүй байна гэж шүүмжлэх дуртай. Хийгээд тавьсан зүйлийг нь эвдчихээд юм хийхгүй байна гэж ярих хэрэг байна уу? Миний мэдэхээр Сөүлийн гудамжийг хэчнээн сайхан тохижуулаад, хайс хамгаалалт хийлээ. Гэтэл өнөөдөр юу ч алга. Хийсэн юмыг хэмхлээд, хадгалж чадахгүй бол хот хэзээ ч хөгжихгүй. Энэ бол нийслэлийн иргэдийн буруу. Нийтийн эзэмшлийн эд зүйлсийн төлөө сэтгэл зовж, тэрийгээ хайрлаж хамгаалдаг иргэн нийслэлд амьдрах хэрэгтэй. Хот гэдэг чинь олон түмний бүтээлч хөдөлмөрөөр бүтдэг. Гараа хумхиж суучихаад, мод тарь гэхээр коммунист субботник хийх гэлээ гэж эсэргүүцээд, хүний тарьсан модыг устгаад байвал бид нэг иймэрхүү байдалтай байсаар л байна.
-Нэг үе нийслэлийг удирдаж, зовлон жаргалтай нь хамт байсан хүний хувьд нийслэлчүүддээ хэлэх үг байгаа байх?
-Нийслэлчүүд маань 370 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Бүтээлч хөдөлмөрөөр ойгоо угтах хэрэгтэй. Тэгээд нийслэлийн иргэддээ сайн сайхан амьдрал, аз жаргалыг хүсэх байна. Бас нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулаач гэж хэлэх байна. Энэ сайхан хотыг хүн бүр шүүмжлээд, муу байна гэж болохгүй. Тэр болохгүй байгаа бүхнийг иргэд та нар минь өөрсдөө хийнэ. Тэгээд хийсэн зүйлээ хайрладаг байх хэрэгтэй. Хойч үедээ хөдөлмөрийн хүмүүжил өгөх хэрэгтэй. Хөдөлмөрийг үнэлж чаддаггүй хүн бусдын хөдөлмөрийг устгадаг. Хүний хөдөлмөрөөр бий болсон зүйлийг хайрладаг, хамгаалдаг сэтгэлгээтэй болох нь хамгийн чухал байна даа.