Иргэдэд хүнсний ногоо тарих газар олгоно

2009-06-18 00:00:00

Хотын мэрийн мөрийн хөтөлбөрт иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор ногооны талбай олгох тухай заалт орсон байдаг. Тиймээс ч нийслэл хотын баруун, зүүн захад Улаанбаатар хотын айл өрхийн хүнсний ногооны хэрэгцээний талбай төлөвлөсөн. Улаан-баатар хотын зүүн захад Хонхорын горхи дагуу хүнсний ногооны хэрэгцээний талбайг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн гол дагуу эхний ээлжийн төлөвлөлтөөр 120 га талбайг 1500 өрхөд хүнсний ногооны талбай болгон өгөхөөр төлөвлөөд байна.

Тус ногооны талбай нь нэгдсэн хашаа, харуул хамгаалалт, услалтын системтэй байх ба иргэд нийтийг олноор хамруулах, хүртээмжтэй байх үүднээс жил жилээр түрээслэх хэлбэрээр олгох юм байна. Нэг өрхөд
20х20м хэмжээтэй 400 ам метр талбай оногдох ба талбайд нарийн ногооны 6x20 ба хэмжээтэй хүлэмж байна. Харин хүнсний ногооны талбайг өөр зориулалтаар ашигласан тохиолдолд газрыг хурааж, өөр иргэнд өгөх аж. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь иргэдийн хөдөлмөр эрхлэх үйл ажиллагааг өрнүүлэх, жижиг бизнес эрхлэхийг дэмжих, иргэд чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, өөрсдийн
тариалсан эрүүл хүнсээ хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх явдал. Ингэж иргэдэд хүнсний хэрэгцээгээ хангах талбай олгож байгаа нь тэдний амьдралд тус нэмэр болж, эдийн засгийн хэмнэлт гарахад нь ач холбогдлоо өгөх юм.