Сонгинохайрханы 396-ийн гарамд газар олгоно

2009-06-12 00:00:00

Нийслэлийн шинэ суурьшлын бүсэд газар олгох гэж байна. Хотод баруун тийшээгээ тэлж хөгжих газар бий гэдэг Тиймээс шинэ суурьшлын нөөц газар Сонгинохайрхан дүүрэгт л байна. Энэ онд багтаан тус дүүрэгт хэд хэдэн газарт шинээр газар олгохоор болжээ. Тус дүүргийн Газрын албыг зорин очлоо. Сонгинохайрхан дүүргийн Газрын алба шинэ байртай болжээ.
Нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлсэн нь иргэдийн сэтгэлд нийцэж байна. Тус газрын алба ачаалалтай ажилладаг нь илт. Газраа өмчлөн авах гэсэн иргэд уртаас урт дараалал үүсгэжээ. Тус дүүргийн Газрын албаны дарга Ц.Төрхүүтэй уулзаж ярилцлаа.

-Танай дүүрэг бусад дүүргүүдийн дэргэд ажлын ачаалал их байна. Өдөрт хэдэн хүнд үйлчилж байна вэ?

-Багаар л бодоход 600 орчим иргэнд үйлчилдэг. Үйлчлүүлж байгаа иргэдийн тухайд дүүргийн оршин суугчдаас гадна бусад дүүргийн иргэд Сонгинохайрхан дүүрэгт газар өмчлөн авах хүсэлтийг олноор гаргах болсон нь ажлын ачаалал нэмэгдэхэд нөлөөлдөг. Ер нь байнгын ийм л ачаалалтай ажилладаг гэж хэлж болно. Манай газрын албаны тухайд шинэ байрандаа орж, нэг цэгийн үйлчилгээг иргэдэдээ үзүүлж байгаа нь тэдний талархлыг хүлээх болсон л доо.

-Сонгинохайрхан дүүрэг шинэ суурьшлын бүсэд газар олгож эхэлж байгаа гэсэн. Хаана энэ газрыг олгож байна вэ?

-Манай газрын албан дээр одоогийн байдлаар газар өмчлөх хүсэлтийг нийт 2800 гаруй иргэн тавьсан байдаг. 2007, 2008 онд өгсөн өргөдөл гэсэн үг. Дүүргийн нутаг дэвсгэр болох 369-ийн гарам, Хурганы сангийн аж ахуйн орчимд нийт 2000 орчим иргэд газар өмчлүүлэх газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө гарсан. Тийм учраас дээрх газруудад өмчлөлийн ажлыг тун удахгүй эхлэх гэж байна. Мөн Партизаны сангийн аж ахуйгаас хойшоо төмөр замын гурван точикт газар олголт хийх гэж байгаа.

-Тун удахгүй гэж хэзээ вэ?

-369-ийн гарам, Хурганы сангийн аж ахуйд олгох газар өмчлөлийг дараагийн долоо хоногоос эхлүүлэх гэж байна. Харин дээрх төмөр замын 324, 335, 347 дугаар точикын тухайд энэ сарын 20-ны өдрөөс эхлэн иргэдийн өргөдлийг нь хүлээн авна.

-Газар хүссэн иргэд юу анхаарах ёстой вэ?

-Мэдээж хуулийн дагуу материалаа бүрдүүлсэн байна. Газар авахыг хүсч байгаа иргэдэд нэг зүйлийг онцгой анхааруулж хэлмээр байна. Иргэд ах дүү нараараа нийлэн энд л газар авна гэдэг. Гэтэл хамгийн гол нь эдийн засгийн чадамжаа бас бодолцох хэрэгтэй. Нэг газар авчихдаг. Тэр газартаа хашаа хатгадаггүй. Гэтэл өөр нэг нь ирээд газрыг нь авчихдаг. Энэ байдлаар болж газрын маргаан багагүй гарч байна. Газар өмчлөн авах, захирамж нь гарсан иргэдэд манай Газрын албанаас мэдэгдэл өгнө. Үүнд 30 хоногийн дотор авсан газартаа хашаа хатгаарай. Эс бөгөөс дараагийн иргэнд газрыг нь шилжүүлэх болно гэдгийг тусгаж өгнө.

-Таны хэлснээс гадна танай дүүрэгт дахин шинээр суурьших газар бий юу?

-Нөөц газрын тухайд бага хэмжээтэй газрууд Сонгинохайрхан дүүрэг бий.

-Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа “Хашаа” арга хэмжээ танай дүүрэгт хэрхэн явагдаж байна вэ?

-Одоогоор нэгдүгээр хорооллын 12, 13, 14 дүгээр хороон дээр “Хашаа” арга хэмжээ явагдаж байна. Энэ арга хэмжээ нэг сараар сунгагдсан. Иргэд ч энэхүү ажлыг сайн дэмжиж байгаа. Орон сууцанд тулгаж барьсан, бас газар доогуурх шугам сүлжээн дээр, хүүхдийн тоглоомын газарт байрлаж байгаа чингэлгүүдийг буулгалаа. Нийт 63 чингэлгийг буулгаад байна.