Улсын бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг хорооноос үзүүлэх боломжтой болно

2014-03-04 00:00:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын хамтарсан  “Ажлын хэсэг байгуулах тухай” А/134 дугаар захирамж, 202 дугаар тушаал гарлаа. Хамтарсан захирамж, тушаалаар иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор улсын бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг хорооноос үзүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллах бол орлогч даргаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Энхцэцэг ажиллана.  Тус ажлын хэсэг нь улсын бүртгэлийн зарим үйлчилгээг хорооноос үзүүлэх ажлыг зохион байгуулж, нэвтрүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж, батлагдсан төлөвлөгөөний дагуу ажиллах үүрэг хүлээж байна. Ажлын нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн тооцоо, судалгааг гаргаж нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Санхүү, төрийн сангийн хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Санхүү, бүртгэлийн хэлтэс үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.