Нийслэлийн албан хаагчдын хууль эрх зүйн боловсрол, албан хэрэг хөтлөлтийн чадварыг дээшлүүлэх сургалт явуулна

2014-03-04 00:00:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Сургалт зохион байгуулах тухай” А/136 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад зориулан “Ухаалаг төр- нутгийн захиргаа”  сэдэвт сургалтыг 2014 оны 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулахаар боллоо.
Монгол улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан “Том төрөөс Ухаалаг төр лүү” санаачлагыг хэрэгжүүлж, зохион байгуулахад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын эрх зүйн мэргэжилтнүүдийн болон төрийн албан хаагчдын хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, тэднийг мэргэшүүлэх, албан хэрэг хөтлөлтийн мэдлэг, ур чадвар, давтан сургалтыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Үүний хүрээнд “Ухаалаг төр- нутгийн захиргаа” сургалтыг явуулж, шаардлагатай мэдлэг, мэдээллийг албан хаагчдад өгөхийг зорьжээ.Нийслэлийн Засаг дарга сургалтад шаардагдах хөрөнгийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг үүрэг болгосон байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.