Дүүрэг бүрт өндөр нарс суулгана

2009-05-20 00:00:00

Нийслэлийн Засаг дарга дүүргүүдэд бичил цэцэрлэг байгуулах талаар үүрэг даалгавар өгч, энэ сарын 20-ны дотор бичил цэцэрлэгийн зураг төслийг бэлэн болгохыг холбогдох газрууда даалгасан. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны харьяа хот тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтнүүд архитекторуудын хамт дүүрэг бүрээр явж, зураг төсөл боловсруулах бэлтгэл ажлыг хийж байна.

Ингэж дүүрэг бүрт бичил цэцэрлэг байгуулах газраа тогтоож зураг төслөө боловсруулсны эцэст тендер зарлагдаж ирэх сарын 15-наа бичил цэцэрлэг байгуулах ажлаа эхлэх аж. Энэ жилийн хувьд нэг цэцэрлэгт 30 орчим сая төгрөг төсөвлөсөн байна. Энэхүү бичил цэцэрлэгүүд нь гэрэлтүүлэг , хүүхдийн тоглоомын талбай, зүлэг, мод, сүүдрэвч зэрэг иж бүрэн тохижилттой байна. Харин өмнөх жилүүдээс ялгагдах нэг онцлог нь 15-20 настай 5-7 метрийн өндөртэй, 10-15 нарс модыг дүүрэгт бүрт шилжүүлэн суулгах аж.