Зайсан толгойн мөнхийн бамбар бадамлан аслаа

2009-05-20 00:00:00

Зайсан толгойн хөшөө дурсгалыг сэргээн засварлалаа. Халхын голын дайны ялалтын дурсгалд зориулсан Монгол, Зөвлөлтийн дайчдын хөшөөний хуучирсан цогцолборыг сэргээн засварлаж, орчныг нь бүрэн тохижуулснаа өчигдөр хүлээлгэн өгөв. Энэ ажлыг НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан хариуцан хийжээ. Тэнгэр өөд цойлсон 24 метр өндөр хөшөө, хөшөөг тойрсон ханын зургийг сэргээжээ.

Өнгө будаг нь арилж, түүх соёлын дурсгалыг харуулсан зураг гэхээсээ илүү залуусын юу дуртайгаа сийлдэг зарлалын самбар болоод байсныг ийн шинэчлэв. Нэлээд дээхнэ "жаргасан" мөнхийн галт бамбар энэ өдрөөс
эхлэн бадамлан асах боллоо. Цогцолборыг тойрсон' сандал, цементэн шалыг чулуугаар өнгөлж шинэ юм шиг болгожээ. Цогцолборын гадна, дотор гэрэлтүүлэг хийж, мөн зам дагуух гэрэлтүүлгийг шинэчилсэн бөгөөд энэ гэрэл өдөр нарны энергээр цэнэглэгдэж, шөнө орчныг гийгүулэх юм билээ. Халхын голын дайны үеэр Москвагаас Берлин хүрсэн танкны хөшөөг ч будсан байна. Гэхдээ ногоон биш хар ногооноор будчихаж гэсэн шүүмжлэл цэргийнхний амнаас унаж байсан. Дэлхийн шилдэг 10 танкийн нэгдүгээрт Оросын Т-34 танк жагссаныг НЗДТГ-ын Цэргийн штабын ахлах офицер Г.Ганзориг сонирхууллаа.
Энэ хөшөөний хажуугийн дурсгалын цементэн самбарыг гантигаар өнгөлжээ. Уг самбар дээрх "Зөвлөлтийн дайчдын дурсгалыг тэнгэрт нартай хамт мөнхөлж, газарт галтай хамт дуурсгав" хэмээх түүхэн бичээсийг шөнийн цагаар гэрэлтэж байхаар болгосон байна.
Энэ орчимд 30 том нарс, 5000 бут сөөг тарьсан гэнэ. Зайсан толгойг бүрэн тохижуулах ажилд хоёр тэрбум төгрөг төсөвлөснөөс 250 гаруй сая төгрөгийн ажил хийгээд байгаа нь энэ. Ойрын 10 жилд гар хүрээгүй Зайсан толгойн цогцолбор ийн өнгө заслаа. Өмнө харж хандах эзэнгүй байсан энэ цогцолборын арчлалт, хамгаалалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хот тохижилтын газарт хариуцууллаа. Хамгаалалтын болон уйлчилгээний тус бүр гурван орон тоо гаргаж, өчигдрөөс ажилд нь оруулснаа тус газрын дарга Ц.Болд ярьж байна.

1971 онд байгуулсан энэ цогцолбор өдгөө хүмүүсийн архи ууж, дураараа дургидаг газар болсон. Зуны цагт Зайсан толгойд шорлог, зайрмаг, тамхи чихрийн худалдаа замбараагаа алддаг. "Энэ зунаас үүнийг цэгцэлнэ. Зайсан толгойд үйлдвэрлэл, уйлчилгээ явуулдаг 20 байгууллагын уйлчилгээ явуулах зөвшөөрлийг хучингүй болгосон" гэж Ц.Болд дарга ярив