Нийслэлийн зүүн 4 дүүргийн малыг вакцинжуулахаар боллоо

2014-02-27 00:00:00
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр шүлхий өвчний талаар мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн 12 суманд 2 957 үхэр шүлхий өвчнөөр өвчилснөөс 2 952 үхрийг зориудаар утсгаж дээрх аймгуудын 2 202 086 толгой малд вакцин хийжээ.

Шүлхийн халдвараас сэргийлэх ажлын хүрээнд 8 аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт 295 ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллаж байна. Шүлхий өвчнөөр өвчилсөн малын тоо өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 230-аар нэмэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар өвчилсөн малын тоо өдөрт 44 болж буурч, голомтын бүс нэмэгдээгүй байна.

Шүлхий нь салаа туурайтай мал, амьтдыг өвчлүүлэн богино хугацаанд маш хурдан тархаж үлэмж хэмжээний газар нутаг, улс орныг хамран гардаг онц аюултай гоц халдварт өвчин бөгөөд шууд хавьтлын замаар малаас малд халддагаас гадна салхи, ус бэлчээр, хүн мал ялангуяа адуу, зээр, гөрөөс, бусад зэрлэг амьтад, шувуу зэргээр дамжин алс хол зайд үсэрхийлэн дэгддэг. Мөн мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлтээс халдварлах эрсдэлтэйг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс нийслэлд шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар Багануур, Багахангай, Налайх, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж, хөдөө орон нутгаас амьд мал, малын гаралтай түүхий эд /арьс шир, ноос ноолуур/ оруулах,  нийслэлийн нутаг дэвсгэрт мал, амьтны үзэсгэлэн, уралдаан зохион байгуулахыг түр хугацаагаар хориглосон.  Улаанбаатар хот руу орох авто тээврийн шалган бүртгэх товчоодод байнгын хяналтын 7, ариутгал халдваргүйжүүлэлтийн 4 цэг 24 цагийн турш ажиллаж байна. Товчоодоор голомтын бус нутгаас орж ирж байгаа малын махыг гарал үүслийн бичгийг нь шалгаж нэвтрүүлж байгаа юм.

Нийслэлийн нутаг дэвсгэрт 330 гаруй мянган толгой мал байгаагаас 228 969 толгой мал буюу 70 хувьд нь үзлэг, тандалт шинжилгээ явуулахад шүлхий өвчний сэжиг илрээгүй байна.

Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа “Мал эмнэлгийн үржлийн газарт  маргааш ОХУ-аас вакцин ирнэ. Шүлхийгээс урьдчилан сэргийлэхийн тулд нийслэлийн бүсэд байгаа малыг вакцинжуулах шаардлагатай байгаа. Бид 2 дугаар сарын 28-наас эхлэн эхний ээлжинд нийслэлийн зүүн 4 дүүргийн мал бүхий өрхийн малд шүлхийн вакцин хийхээр төлөвлөж байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга, мал бүхий өрхүүд малаа урьдчилан сэргийлэх үзлэг, тандалтад хамруулах, ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд хэрхэн хандаж байгааг асуухад,  нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга, “Зарим иргэд энэ үйл ажиллагаанд хойрго, идэвхгүй хандах, дургүйцэх зэрэг дудагдал гарч байна. Шүлхий өвчин нь вирусээр үүсгэгддэг, маш богино хугацаанд өргөн уудам нутгийг хамран тархаж, үлэмж их хэмжээний эдийн засгийн хохирол учруулдаг гоц халдварт өвчин юм. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэг тандалтад хамрагдаагүй, ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэхээс зайлсхийлсэн иргэнд хариуцлага тооцох хууль эрх зүйн акт боловсруулах шаардлагатай гэсэн хариулт өглөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.