Гэр хорооллын айлуудын цахилгааны урамшууллыг 4-р сарыг дуустал олгоно

2014-02-27 00:00:00
Улсын Их хурлаас баталсан Агаарын тухай хуулийн дагуу 2011 оноос эхлэн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан, эрчим хүчний үнийг 50 хувиар бууруулах урамшууллын арга хэмжээ авч, зөрүүг улсын төсвөөс санхүүжүүлдэг тогтолцоонд шилжсэн. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын хэрэглэгчийн хүйтний улиралд түгээх шугам сүлжээнд холбогдож цахилгаан халаагуур хэрэглэж байгаа айл өрхийн сард шөнийн цагаар хэрэглэсэн 3000 кВт/ц хүртэлх цахилгааны төлбөрийг 50 хувиар бууруулж урамшуулдаг. Шөнийн тарифыг мөрдөх хугацаа нь оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл үргэлжилдэг.

Мөн  ахуйн хэрэглээний цахилгааны үнийн урамшуулал олгодог.  Энэ нь цахилгааны хөнгөлөлтийг стандартын шаардлага хангасан дулаалгатай гэр, амины орон сууцтай, бүх төрлийн хийн түлшээр ажилладаг халаалттай, газрын гүний дулаан, нар, салхины болон бусад сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж байгаа, стандартын шаардлага хангасан шахмал болон хагас коксон түлш, сайжруулсан зуух, яндангийн шүүлтүүр хэрэглэж байгаа, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй байшин, амины орон сууцтай, түлш хэмнэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, энэ чиглэлийн дотоод, гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламж, төсөл, хөтөлбөрт хамрагдаж байгаа гэх мэт шалгуурыг хангасан айл өрхүүдэд олгодог урамшуулал юм. 

Энэ нь хэрэглэгчийн ахуйн хэрэгцээнд сард хэрэглэсэн 200 кВт/ц хүртэлх цахилгааны төлбөрийг 50 хувиар бууруулж урамшуулна. Цахилгааны урамшуулал олгох хугацаа нь халаалтын улирал буюу тухайн оны 10 дугаар сарын 01-нээс дараа оны 04 дүгээр сарыг дуустал олгоно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдах дүүрэг, хороо, өрхийн тоо
 
 Бүсүүд 1-р бүс 2-р бүс 3-р бүс  
Дүүрэг Боловсруулсан түлш болон бүрэн шаталттай ердийн зуух нэвтрүүлэх хосолмол бүс Шинээр бүрэн шаталттай ердийн зуух нэвтрүүлэх бүс Бүрэн шаталттай ердийн зуух эцэслэн нэвтрүүлж дуусгах бүс  
 
Баянгол 7, 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23 7, 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23 -  
Чингэлтэй - - 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19  
Сүхбаатар - 20 9, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19  
Сонгинохайрхан - - 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 30, 31, 32  
Баянзүрх - 16, 20, 23, 24, 25 2, 4, 5, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 17, 19, 21, 22, 27, 28  
Хан-Уул - - 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16  
Налайх - - 1, 2, 3, 4, 5, 6, 7  
Хорооны тоо 9 15 84  
Өрхийн тоо 12461 18673 27523