Жолооч нар, иргэдийн анхааралд

2014-02-26 00:00:00
Сүхбаатар аймгийн Онгон суманд 2014 оны 1 дүгээр сарын 27-нд шүлхий өвчин анх гарснаар өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн тав, Хэнтий аймгийн нэг, Дорноговь аймгийн таван суманд 2 812  үхэр шүлхий өвчнөөр өвчлөн 2 803 үхрийг зориудаар устгаж, дээрх сумдын нийт 2 173 792 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоосон.
 
Голомтын бүсэд 284 цэгт 1 404 хүн 282 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Өмнөх өдрөөс Сүхбаатар аймагт  79,  Хэнтий аймагт 27, Дорноговь аймагт 25 нийт 131 мал нэмж өвчилсөн, голомтын бүс тэлээгүй байна.
 
Нийслэлд шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалаар Улаанбаатар хот руу орох авто тээврийн шалган бүртгэх товчоодод байнгын хяналтын 7, ариутгал халдваргүйжүүлэлтийн 4 цэг 24 цагийн турш ажиллаж байна.
 
Дорноговь аймгийн Айраг, Сайншанд сумдад олон улсын хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоож, Улаанбаатар-Сайншанд, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд суудлын автомашин болон 5 тонноос доош даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хязгаарлах тухай Дорноговь аймгийн Онцгой комиссын даргын шийдвэр гарлаа.  
 
Энэ шийдвэрийн дагуу Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүдийн нутаг дэвсгэрт суудлын автомашин болон 5 тонноос доош даацтай тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй тул нийслэлийн Багахангай дүүргээс цааш зорчих боломжгүй болж байгаа юм.  Тиймээс  нийслэлийн иргэд, жолооч Та бүхнийг хорио цээрийн дэглэм, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалтыг албан ёсоор цуцалтал дээрх аймгийн нутаг дэвсгэрт зорчихгүй, мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг  АНХААРУУЛЖ байна гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.