УИХ-аас баталсан 6 хууль 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэллээ.

2014-02-19 00:00:00
Монгол Улсын Их Хурлаас 2013 онд баталсан бие даасан 6 хууль болон эдгээр 6 хуульд холбогдох 35 хуульд орсон нэмэлт, өөрчлөлт нь  2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилж эхлээд байна. Үүнд:
1.    Үнэт цаасны зах зээлийн тухай /шинэчилсэн найруулга/
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан ба энэ хуультай холбогдож Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Даатгалын тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Зар сурталчилгааны тухай хуулиудад тус тус нэмэлт, өөрчлөлт орсон.
  Үнэт цаасны зах зээлийн тухай хууль нь үнэт цаасны зах зээл хөгжих эрх зүйн орчинг хуульчилсан. Тухайлбал, хаалттай компаниуд хөрөнгийн зах зээлд өрийн бичиг гаргаж санхүүгийн эх үүсвэр татах бололцоотой болсон. Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компани гадаадын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэл хийлгэж өртөг өндөртэй IPO буюу гадаадын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах замаар олон нийтийн зүгээс хөрөнгө оруулалт татах үйл ажиллагааны олон төвөгтэй үйл ажиллагааг дамжихгүйгээр шууд өөрсдийн компанийн бонд, эсхүл хадгаламжийн сертификатыг гаргаж гадаадын хөрөнгийн биржээс хөрөнгө татах бололцоотой болсон байна. Мөн Үнэт цаасны зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлж, тэдгээрийн эрх, гишүүнчлэлийн асуудлыг тодорхой болгосон зохицуулалт агуулжээ.
2.    Хөрөнгө оруулалтын сангийн тухай
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль 2013.10.03-ны өдөр батлагдсан ба энэ
хуулиар мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх хөрөнгө оруулалтын сан нь төрлийн хувьд хамтын  болон хувийн хэлбэртэй байна. Хамтын хөрөнгө оруулалтын сан нь нийтээс санд мөнгөн хөрөнгийн хуримтлалыг төвлөрүүлэн үнэт цаасны зохицуулалттай зах зээлд чөлөөтэй арилжаалагддаг хөрвөх чадвар өндөр санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх бөгөөд үйл ажиллагаа нь төрийн байнгын зохицуулалт, хяналтад байх, мэдээллээ нийтэд буюу нийт гишүүдэд нээлттэй байлгах зарчимд тулгуурлан үйл ажиллагаа эрхлэх юм. Харин хувийн хөрөнгө оруулалтын сангийн тухайд гишүүд нь зөвшөөрсөн нөхцөлд заавал чөлөөтэй арилжаалагдах санхүүгийн хэрэгслээс гадна хаалттай компанийн хувьцаа болон бусад санхүүгийн хэрэгсэл, үл хөдлөх эд хөрөнгө зэрэг эрсдэл өндөр, хөрвөх чадвар харьцангуй хязгаарлагдмал санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийж болох бөгөөд эрсдлээ өөрийн хөрөнгөөр бүрэн хүлээхээр зохицуулагдсан байна.
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөрөнгө оруулалтын сангийн орлого, хадгаламжийн  бичгийг суурь үнэт цаасанд хөрвүүлсний орлогыг тус тус чөлөөлөхөөр хуульчилсан.
3.    Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай
Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан нь иргэд хууль зүйн туслалцаа авах, төлбөрийн чадваргүйн улмаас эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, улмаар гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш оролцох нөхцөлийг бүрдүүлснээр шударга шүүхээр шүүлгэх эрх нь хангагдах ач холбогдолтой юм.
Энэ хуулиар Үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхийн гишүүн, эсхүл нэгдсэн санд бүртгэлгүй боловч ядуурлын шугамаас доогуур орлоготой болохоо тодорхойлсон иргэн, эсхүл Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан онцгой болон хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхэд гэмт хэрэгт холбогдон яллагдагчид тооцогдсон тохиолдолд хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэхээр хуульчилсан. Хууль зүйн туслалцааны төв нь төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй  үзүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллага бөгөөд төвийн удирдлага, зохион байгуулалт, чиг үүргийг нь  энэ хуулиар мөн зохицуулжээ.
4.    Гэрч, хохирогчийг хамгаалах тухай
            Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан ба энэхүү хууль батлагдснаар  гэрч,  хохирогчийг хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх нэгдсэн тогтолцоо бүрдэж, гэмт хэргийн илрүүлэлт сайжирч,  гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шуурхай, үнэн зөв явагдах нөхцөл бий болох, гэрч, хохирогчийн эрхийг хангахад чухал ач холбогдолтой юм.
Энэ хууль шинээр батлагдсантай холбоотойгоор хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсон байна. Үүнд:
-       Төрийн албаны тухай хуульд гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээнд хамрагдсан албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах болон мөн зорилгоор төрийн албанаас түр чөлөөлөхтэй холбогдсон;     
-       Хөдөлмөрийн тухай хуульд гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээнд хамрагдсан ажилтныг ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажлын байрыг нь хэвээр хадгалахтай холбогдсон;
-       Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд гэмт хэргийн улмаас хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учирсан бол эмчилгээний зардлыг шүүхийн шийдвэр гарсан эсэхээс үл хамааран нэн даруй олгож, буруутай этгээдээр нөхөн зэрэг нэмэлт, өөрчлөлтийг тус тус оруулсан байна.
5.    Тахарын албаны тухай
            Тахарын албаны тухай хууль 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан ба хууль сахиулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага болох Монгол Улсын тахарын албаны тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, тахарын алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулна. Монгол Улсын тахарын алба шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, ялтан шилжүүлэх, яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх гэсэн зургаан чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан.
            Энэхүү хуулийг хэрэгжүүлснээр шүүн таслах үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, шүүгч хараат бус байх зарчмыг бодитоор хэрэгжүүлэх, шүүх хурал тасалдах болон шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийг бууруулах, гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, тэдний эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.
6.    Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/
            Цагдаагийн албаны тухай хууль 2013.07.05-ны өдөр батлагдсан ба энэ хуулийг дагаж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Галт зэвсгийн тухай, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай, Захиргааны хариуцлагын тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай, Эрдэнэсийн сангийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиудад тус тус нэмэлт, өөрчлөлт орсон.
  Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн байгууллагыг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй хууль сахиулах байгууллага гэж тодорхойлсон ба Монгол Улсын цагдаагийн албаны тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлыг хууль сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээг иргэдэд үзүүлэх чиг үүрэгт нь нийцүүлж шинэчлэн зохицуулсан.
            Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэн баталсанаар цагдаагийн байгууллагын гүйцэтгэх чиг үүрэг  илүү оновчтой, тодорхой болсон, иргэний нийгмийн байгууллагын зүгээс цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавих механизм тогтоож өгсөн, цагдаагийн алба хаагч баталгаагаар хангагдсан, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэг бүхий хууль сахиулах байгууллагын тогтолцоо нь цагдаагийн төв байгууллага, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, харьяа нэгжээс бүрдэх болсон зэрэг ач холбогдолтой болсон.   
 
 
 
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС