Нийслэлийн 6 хороог загвар хороо болгоно

2014-02-18 00:00:00
Гэр хорооллын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах загвар хороо төслийн эхний уулзалт хэлэлцүүлэг Нийслэлийн Иргэний танхимд боллоо. Уулзалтад Хотын Ерөнхий менежер Б.Бадрал,  Захирагчийн ажлын албаны Тохижилт хог хаягдлын  удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүд, дүүргүүдийн хот төлөвлөлт, дэд бүтцийн асуудал эрхэлсэн Засаг даргын орлогч,  хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, иргэд оролцсон юм. Энэ үеэр загвар хороо төсөл хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хэлцэлд гарын үсэг зурж, дүүрэг болон хороодын төвшинд төслийг зохион байгуулах, хэрэгжүүлэх нэгжийг байгуулсныг албан ёсоор мэдэгдлээ. Үүрэг даалгаврын биелэлтийг Хотын Ерөнхйи менежерийн 14 хоногт нэг удаа болдог шуурхайн үеэр тухай бүрт нь дүгнэх юм.  Загвар хороо төслийн хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн тус бүр нэг хороог сонгон авч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм. Ингэснээр оршин суугчид нь хог хаягдлын талаар мэдээлэл сайтай, хог ачих хуваариа мэддэг, ил задгай хог хаяхгүй байх нөхцөл бүрдсэн, хог тээвэрлэгч байгууллага нь хуваарийн дагуу хогоо ачдаг, хогийн машин хүрч чаддаггүй цэгүүдийг багасгах юм. Өөрөөр хэлбэл төслийн хүрээнд хороодын хог хаягдлын одоогийн нөхцөл байдал, тулгарч буй асуудлууд тодорхой болж хэрхэн шийдэх арга замыг олж шийдвэрлэх юм. Төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн бүлгийн хийж хэрэгжүүлж буй ажил, санал санаачлагыг дэмжин, оршин суугчдын нийгмийн идэвхийг нэмэгдүүлэн, төр иргэний нийгмийн хамтын оролцоог нь хангаж ажиллахыг зорьж байгаагаараа энэхүү төсөл нь онцлогтой. Төсөл хэрэгжих анхан шатны нэгжээр БГД-ийн 9, Сүхбаатар дүүргийн 14, Хан-Уул дүүргийн 13, БЗД-ийн 27, СХД-ийн 26, Чингэлтэй дүүргийн 16 хороод сонгогдоод байна гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.