Нийслэлийн төр, захиргааны байгууллагын үйлчилгээг гар утсаараа авах боломжтой боллоо

2014-01-06 00:00:00
Нийслэлийн нийгэм, эдийн засгийн 2014 оны зорилтод тусгагдсаны дагуу төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Ухаалаг Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Нийслэлийн мэдээллийн технологийн газраас ухаалаг утастай иргэдэд зориулан “Ухаалаг Улаанбаатар” аппликэйшныг боловсруулаад байна. “Ухаалаг Улаанбаатар” аппликэйшнд нийслэлийн бүхий л мэдээлэл байгаа бөгөөд уг аппликэйшныг татаж авснаар та гар утсаараа нийслэлийн ЗДТГ-ын албан ёсны www.ulaanbaatar.mn цахим хуудсанд нэвтэрч, нийслэлийн ИТХ-ын тогтоол, шийдвэр, нийслэлийн Засаг даргын Захирамж,  гадаад, дотоод зардлын тайланг үзэхээс гадна нийслэлээс зарлагдаж байгаа тендер, нийслэлийн төр захиргааны байгууллагуудын байршлын мэдээллийг авах боломжтой боллоо. Мөн аппликэйшныг ашиглан нийтийн тээврийн маршрутыг харж, ямар чиглэлийн автобус хаана хүртэл явж болох талаар танд мэдээлэл өгнө. Нийслэлтэй холбоотой санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг заавал өөрийн биеэр өгөх шаардлагагүй,  аппликэйшны Smart UB буланд ороод санал хүсэлтээ явуулж, хариугаа утсаараа аваарай. Энэ нь иргэдэд чирэгдэлгүйгээр төрийн үйлчилгээ хүрэх таатай боломжийг олгож байгаа юм.  Түүнээс гадна зам засвар, шинэчлэлийн ажлын үеэр аль зам дээр ямар компани зам тавьж байгаа, хэзээ хаагдаж, ашиглалтад орох талаарх мэдээллийг ч авч болно. Мөн “Ухаалаг Улаанбаатар” аппликэйшнаар дамжуулан түргэн тусламж дуудах, цагдаа, онцгой байдлын газарт дуудлага өгөх боломжтой.  Дэлхийн өнцөг булан бүрээс иргэд нийслэлийн мэдээ мэдээлэл, төрийн үйлчилгээг ухаалаг гар утсаараа дамжуулан авах таатай нөхцөл ийнхүү бүрдэж байна. Та “Ухаалаг Улаанбаатар” аппликэйшныг “Smart Ub” гэсэн нэрээр бүх төрлийн Андройд утсанд татаж аваарай  гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.