Хоёроос доошгүй хог боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг энэ онд эхлүүлнэ

2014-01-06 00:00:00
НИТХ-ын 2013 оны 11 сарын 28-ны 13/53 дугаар тогтоолоор Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг баталсан юм.  Энэ онд хэрэгжүүлэх эдийн засаг, нийгмийн зорилтыг Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний  тодотгол,  2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийг баримталж, нийслэлийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн 2014 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төсөл, бусад холбогдох бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан, 5А зорилтын хүрээнд 23 чиглэл, 123 заалт бүхий 338 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан юм. Энэхүү зорилтын Агаар нь цэвэр Улаанбаатар бүлгийн Хөрс болон орчны бохирдлыг бууруулах  ажлын хүрээнд  энэ онд хэд хэдэн ажлыг хийхээр тусгажээ. Тодруулбал, хот тохижилтын цэвэрлэгээ, арчилгааны тусгай зориулалтын машин, механизмыг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэх, Нарангийн энгэрийн хог ангилах ялгах үйлдвэрийг өргөтгөн, үйл ажиллагааг нь сайжруулах, хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн байна. Мөн  Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлд хоёроос доошгүй хог боловсруулах үйлдвэр байгуулна гэж тусгасан байдаг. Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор энэ онд Хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран төсөл сонгон шалгаруулах зарчмаар нийслэл хотод хог боловсруулах үйлдвэрүүд байгуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.  Түүнчлэн МУ-ын Засгийн газрын шийдвэрийн дагуу арьс шир, ноос ноолуурын анхан шатны боловсруулах үйлдвэрүүдийг хотоос нүүлгэн шилжүүлэх ажлыг ҮХАА-н яамтай хамтран эхлүүлж, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилгоор бохирдол үүсгэдэг байгууллагууд, төвлөрсөн захуудыг хотоос гаргах асуудлыг судалж, шаардлагатай бол НИТХ-аар шийдвэрлүүлэх, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй барилгын материал, авто машины зах, хүнс, хөнгөн үйлдвэрүүдийн байршилд дахин төлөвлөлт хийхээр тусгасан байна.  Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг www.ulaanbaatar.mn/files/p18c1qsqhtkpofcfaf17l316js1.pdf линкээс дэлгэрэнгүй уншиж болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.