Хогны уут хог болохгүй

2013-12-30 00:00:00
Хог хаягдлын шинэ менежментийн хүрээнд айл өрхүүдэд сар бүр 15 ширхэг хогны уут олгож эхэлсэн.  Энэ уутыг олгож эхэлснээс хойш зарим хэвлэлээр энэ ажлыг улс төржүүлж, нэг талыг баримталсан ташаа мэдээллийг иргэдэд хүргэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал мэдээлэл хийлээ. Тэрээр, хогны уутанд зарцуулж байгаа гурван тэрбум төгрөгийг айл өрхүүдээс хогны мөнгө гэж сар бүр хураадаг 2500-3000 төгрөгний хуримтлалаас гаргаж байгаа бөгөөд  Хог хаягдлын санд төвлөрсөн мөнгийг  иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрахад нь зарцуулж байгааг тайлбарлалаа.  Хогны уутыг айл өрхүүдэд тарааж эхэлснээс хойш иргэдээс зузааныг нэмэгдүүлэх, хэмжээг нь багасгах  санал  ирүүлсний дагуу 80*45см байсныг 65*45см болгох, зузааныг 2.5-аас 3 микрон болгон нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн. Өөрчлөлт оруулсан хогны уутыг айл өрхүүдэд 2014 оны 1-р сараас тарааж эхлэх юм.

Хогны уутыг  “ОБ пластик” ХХК, “Монгол хэвлэл” ХХК–иуд хийж байгаа бөгөөд холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд  гэрээ байгуулжан ажиллаж байна. Хог хаягдлын зориулалтын уутыг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газраас хороо тус бүрт хуваарилан өгч хороодын хэсгийн ахлагч, эко ажилтнууд, СӨХ-дын тусламжтайгаар айл өрхүүдэд тарааж байгаа юм. Айл өрхүүд хогны уутаа хүн авчирч өгөхийг хүлээж суулгүй хороон дээрээсээ очиж авах хэрэгтэй гэдгийг холбогдох албаныхан хэлж байлаа. Хэрвээ өгөөгүй тохиолдолд дүүрэг болон нийслэлд мэдэгдэж болох юм байна.  Хогны уутыг дахин боловсруулах чиглэлээр Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг дээр “ТЧМ”, “Сан –Оргиу” ХХК хоёрдогч түүхий эдийн хөдөлмөр эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллаж байна. Тухайлбал тус холбоо нь төвлөрсөн хогийн цэгүүдээс хуримтлүүлсан  дахин ашиглаж болох гялгар уут, хуванцар эдлэлийг “ТЧМ” ХХК-д нийлүүлж байна. Тус компани нь хог хаягдлыг  дахин боловсруулж траншейны таг, сандал, хогийн сав, хайс, хашаа, замын тумба зэргийг үйлдвэрлэж байна. “ТЧМ” ХХК нь Төмөр замын хэрэг эрхлэх газарт гэрээний дагуу 3000 ш төмөр замын хориг хашааны шон, Багануур дүүргийн Цэцэрлэгт хүрээлэнд 1000м хашаа, Борнуурын автозамд 360ш тумба, ОСНААУГ, Атмор ХХК-д нийт 1000ш траншейны таг нийлүүлсэн байна. Мөн УБ хотын ЗАА захиалгаар Энх тайвны гүүрний өгсөж буух хэсэгт байрлуулах 400м хашаа нийлүүлэх ажлын гүйцэтгэгчээр ажиллажээ.“Сан оргиу” ХХК нь 2013 онд нийт 350тн гялгар уутыг дахин боловсруулж 350ш сандал, 580ш траншейны таг, 1200 гаруй төмөр замын шон, ногооны торон хашаа 8600ш, замын тумба, хурд сааруулагч зэргийг үйлдвэрлэж төр, хувийн хэвшлийн байгууллагуудад нийлүүлж эхлээд байна.  Улаанбаатар хотын ЗАА-аас “Хог хаягдлын шинэ менежмент” гэсэн цогц бодлого гарган хэрэгжүүлж байгаа бөгөөд хоггүй хот болохын язгуур үндэс нь хогийг үүссэн цагаас нь эхлээд дарж булах хүртэл бүхий л шатанд буцаан хэрэглэж болох зүйлсийг баялаг болгон ашиглаж, эцсийн шатанд үлдсэн хогийг дарж булдаг тогтолцоог бий болгохоор ажиллаж байна.  Өнөөдөр айл өрхүүдэд нэг төрлийн уутанд хогийг хийлгэж байгаа бол тодорхой хугацааны дараа ангилан ялгах зориулалт бүхий уутыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.