Нийслэлийн сонирхогчдын шатрын аваргууд тодорлоо

2013-11-26 00:00:00
Нийслэлийн ИТХ-ын даргын ивээл дор Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан нийслэлийн ИТХ, нийслэлийн ЗДТГ, Монголын шатрын холбоо, Нийслэлийн шатрын холбоотой хамтран нийслэлийн сонирхогчдын Шатрын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээнд Монголын Шатрын Холбооны 2013.10.01-ий өдрийн рейтингийн жагсаалтаар 2000-аас доош рейтингтэй, спортын цолгүй 177 эрэгтэй, 11 эмэгтэй нийт 188 шатарчин оролцож швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргасан юм. Энэхүү тэмцээн нь Монгол Улсын 21 аймагт нэгэн зэрэг явагдсанаараа онцлогтой. Тэмцээний Ерөнхий шүүгчээр ОУ-ын Шатрын холбооны шүүгч, Спортын мастер Батболдын Нямдаваа, Ахлах шүүгчээр ОУ-ын Шатрын холбооны мастер Мягмарсүрэнгийн Гүнбаяр, Шүүгчээр МУ-ын Спортын дэд мастер Энхээгийн Энх-Амгалан, Зохион байгуулагчаар НШХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Туваанжавын Батжаргал нар ажиллалаа. Эрэгтэй ангиллын эхний 5 байр, эмэгтэй ангиллын эхний 3 байр мөн 50-аас дээш насны ахмад, төрийн байгууллагад ажилладаг тус бүр 1 оролцогч шилдгээр тодорч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болсон юм. Мөн тэмцээнээс эрэгтэй 20, эмэгтэй 7 шатарчинд ирэх 1-р сард  Монгол Улсын УИХ-ын даргын ивээл дор болох “Сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн”-д оролцох эрхээ авлаа гэж Нийслэлийн шатрын холбооноос мэдээллээ.